
Б. Болд
Ерөнхийлөгч
Итгэл нэгт ахан дүүс ээ, та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг эрж байна!
Монголын Адвентист Чуулганы Ерөнхийлөгч хэмээх энэхүү хариуцлагатай бөгөөд эрхэм албыг хүлээн авч, та бүхэнтэйгээ хамтдаа үйлчлэх болсондоо баяртай байна. Миний бие итгэлийн энэ ариун замд 32 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа бөгөөд үүний 30 жилийг нь сүм удирдах үйл хэрэгт зориулжээ. Өнөөдөр би өөрийн алсын хараа гэхээс илүүтэй "Бидний алсын хараа"-г хамтдаа бүтээж, Бурханы хаанчлалыг Монгол ахан дүүсээрээ тэлэхийн тулд та бүхний итгэл, найдварыг тээн энэхүү үүргийг хүлээж авлаа.
Чуулган бол олон эд эрхтнээс бүтсэн нэгэн бие, нэгэн гэр бүл билээ. Бид сүмд буй асар их нөөц боломж, авьяас чадварыг цөөн хэдэн удирдлагын хэмжээнд үлдээлгүй, гишүүн бүрийн оролцоог нэмэгдүүлсэн, нээлттэй, бүтээлч хамт олон байхыг зорьж байна.
"Гишүүн бүр нэг дагалдагч бэлтгэх" — уриан дор хамтын хөдөлгөөнийг өрнүүлэх болно.
Санхүүгийн сорилт, нийгмийн өөрчлөлт зэрэг олон даваа бидний өмнө байгаа ч Бурханы бидэнд өгсөн нөөц боломж, хөрсийг олж харан, урам зоригтойгоор хөдөлмөрлөвөл бид сорилтыг боломж болгож чадна.
Эзэний амар амгалан та бүгдийн зүрх сэтгэлд оршиг. Есүс Христ гэдэг цорын ганц, бат бөх суурин дээр хамтдаа ухаалгаар босгон байгуулж, нэгэн зүрхээр урагшилцгаая.
Та бүхний төлөө залбирч, хамтран зүтгэхдээ үргэлж баяртай байх болно. Бурхан та бүхнийг ивээж, гэрэлтүүлэх болтугай!