Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрлах Долоо дахь өдрийн Адвентист сүмийн салбар сүм болох “Амгалан” сүмийн хамт олон 8-р сарын 21, 22-ны өдрүүдэд нийтэд тустай үйлчлэл зохион байгууллаа.
Энэхүү үйлчлэлээр сүмийн гишүүд нэгэн зорилгын дор нэгдэж сүмээ цэвэрлэн тохижуулж, гэр гэрээсээ шинэ болон шинэвтэр хувцсыг авчирч хэрэгцээтэй хүмүүст үнэ төлбөргүй түгээлээ.


Тун удахгүй болох хичээлийн шинэ жилийг угтан 1–9 дүгээр ангийн 60 орчим хүүхдэд хичээлийн хэрэглэл бэлэглэж, тэдэнд баяр баясал төдийгүй Бурханы хайр, халамжийг хуваалцлаа.


Энэхүү үйлчлэлийн зорилго нь зөвхөн материаллаг тусламжаар хязгаарлагдсангүй. Есүс Христийн хайр, энэрлийг бодитоор харуулж, хүүхэд багачуудад Бурханы хайрыг танилцуулан, сүмдээ урьж, сүмийнхээ үйл ажиллагааг танилцууллаа.
“Бие биедээ энэрэнгүй, өрөвч сэтгэлтэй бай. Бурхан Христ дотор та нарыг уучилсны адил та нар ч бас бие биеэ уучил.” Ефес 4:32-р ишлэл биднийг бие биедээ энэрэнгүй, халамжтай хандахыг уриалдаг. Амгалан сүмийн гишүүд энэхүү үйлчлэлээрээ дамжуулан Бурханы хайрыг үгээр бус, үйлсээрээ харуулахыг зорьж, хэрэгцээтэй нэгэндээ туслан, хүүхдүүдэд баяр баясал, итгэл найдварыг бэлэглэсэн юм.

Цаашид ч "Амгалан" сүмийн хамт олон нийтэд тустай үйлчлэлүүдийг тогтмол зохион байгуулж, хүмүүст туслах, хүүхэд залуусыг зөв төлөвшүүлэх, Бурханы хайр болон сайн мэдээг үйлсээрээ дамжуулан түгээхийг зорьж байна.
"Амгалан" сүмийн нийт гишүүддээ талархал илэрхийлье. Бурханы хайр, нигүүлсэл та бүхний үйлчлэлээр дамжин улам олон хүнд хүрч, олон хүний амьдралд гэрэл, найдвар түгээх болтугай.
Харилцаа Холбооны хэлтэс


