Adventist MongoliaAdventist Mongolia

Мэдээ - Мэдээлэл

Монгол дахь Адвентист чуулганы шинэ мэдээ мэдээлэл

БуцахМэдээ

ЦОГТОЙ ЗАЛУУС ВОРКШОП СУРГАЛТУУДАД ХАМРАГДАЖ БАЙНА

Глобал (МАЧ)August 6, 2026
ЦОГТОЙ ЗАЛУУС ВОРКШОП СУРГАЛТУУДАД ХАМРАГДАЖ БАЙНА

“Цогтой залуус” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа воркшоп сургалтууд эхэллээ. Энэхүү сургалтууд нь өсвөр үеийнхэнд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, сэтгэл зүйн боловсролыг нэмэгдүүлэх, мөн амжилттай суралцах дадал, хөнгөн болон хүнд хэлбэрийн донтолтоос урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг олгоход чиглэлээ.

Эдгээр мэдлэг, ур чадварыг сүнслэг өсөлттэй уялдуулан эзэмших нь амьдралын сорилт, уруу таталт, буруу сонголтыг даван туулж, зөв үнэт зүйлтэй, хариуцлагатай, зорилготой иргэн болон төлөвшихөд чиглэж байна.

Хойд Ази–Номхон далайн бүсийн Эрүүл мэндийн хэлтсийн захирал Яамажи Хироши “Эрүүл амьдралын хэв маяг” буюу “Шинэ гараа” хөтөлбөрийг танилцууллаа. Тэрээр өсвөр үеийнхний эрүүл мэндийн талаарх мэдлэг, дадлыг үнэлэх судалгаа авч, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх зөв дадал хэвшил, анхаарах асуудлуудын талаар үнэ цэнтэй зөвлөгөө өгсөн юм.

Хойд Ази Номхон далайн бүсийн Залуучуудын хэлтсийн захирал пастор Кевин, хөнгөн хэлбэрийн донтолтын шалтгаан, хор уршгийн талаар сургалт зохион байгуулж, энэ нь бие махбодь, сэтгэл зүй болон нийгмийн харилцаанд хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Үүний зэрэгцээ сэтгэл судлаач Мэри Сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, эдгээр асуудлыг эрт таньж, даван туулах арга замын талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэв.

Түүнчлэн МАЧ-ны Ерөнхийлөгч пастор Б.Болд өсвөр насныханд зориулан бэлгийн боловсрол, эрүүл харилцаа, зөв сонголтын ач холбогдлын талаар сургалт өгсөн бол Ерөнхий чуулганы Боловсролын хэлтсийн захирал Ричард Сабуин “Хэрхэн амжилттай суралцах вэ?” сэдвээр өөрийн суралцаж байсан туршлага, арга барилаасаа өсвөр үеийнхэнд хуваалцлаа.

Тэрээр амжилттай суралцахын үндэс нь өдөр бүр тодорхой төлөвлөгөө гаргаж, түүнийгээ цагийн зөв менежменттэйгээр хэрэгжүүлэхэд оршдог болохыг онцлов. Мөн хичээлээ давтахдаа хүндээс хөнгөнөөр нь эрэмбэлж, илүү хүндрэлтэй хичээлдээ цаг хугацаа, анхаарлаа түлхүү зориулах нь үр дүнтэй байдгийг зөвлөсөн юм.

Түүнчлэн өөрт төдийлөн таалагддаггүй багшийн хичээлд хүртэл илүү хичээл зүтгэл гарган суралцдаг байсан туршлагаасаа хуваалцаж, тогтмол цагийн хуваарьтайгаар хичээлээ давтах нь мэдлэгийг бататгахад чухал болохыг онцоллоо. Мөн хичээлдээ орохоосоо өмнө тухайн сэдвээ урьдчилан уншиж, бэлтгэлтэй очих нь хичээлийг илүү ойлгомжтой, үр дүнтэй болгодгийг зөвлөсөн юм.

Тэрээр суралцахад өөрт хамгийн тав тухтай, төвлөрөх боломжтой орчноо сонгох, чухал ойлголтуудаа өнгөөр ялган тэмдэглэх, схем болон оюуны зураглал (mind map) ашиглан сэдвүүдийг хооронд нь холбон ойлгох нь суралцах чадварыг сайжруулдаг талаар танилцууллаа. Сургалтын төгсгөлд оролцогчдоор мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлоход дэмжлэг үзүүлэх тест ажиллуулж, ирээдүйн мэргэжлээ зөв сонгох талаар зөвлөгөө өгсөн юм.

Мөн сургалтын хүрээнд Хүний их эмч, гэр бүл судлаач Оргилзул “Хүнд хэлбэрийн донтолт” сэдвээр донтолтын эрсдэл, хувь хүн, гэр бүл, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөний талаар сургалт өглөө.

Ийнхүү олон талт хэлбэрээр өсвөр үеийнхэнд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, сэтгэл зүйн дархлааг бэхжүүлэх, донтолоос урьдчилан сэргийлэх аргуудаас хуваалцаж, чин сэтгэлийн яриаг өрнүүлэн тест ажиллуулж, өөрийгөө үнэлж дүгнэх боломжуудыг олгосон юм.

Харилцаа Холбооны хэлтэс

Хуваалцах:𝕏
0

Сэтгэгдэл бичих болон реакц үлдээхийн тулд нэвтэрнэ үү.

Уншиж байна...