Өнгөрсөн долоо хоногт Эмэгтэйчүүдийн хэлтэс олон сайхан, үр өгөөжтэй үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, үйлчлэлээр дүүрэн нэгэн долоо хоногийг өнгөрүүллээ. Энэ удаагийн үйл ажиллагаанд Хойд Ази Номхон Далайн Бүсийн Эмэгтэйчүүдийн хэлтсийн захирал Рахел Айррис зочин номлогч, сургагч багшаар уригдан оролцож, эмэгтэйчүүдэд урам зориг, шинэ санаа, үйлчлэлийн урам зориг чиглэлийг өглөө.

Тэрээр бидэнтэй сүм болон гэр бүлүүдээр зочилж, эмэгтэйчүүдтэй ярилцан, тэдний амьдрал, гэр бүл, итгэл үнэмшил, үйлчлэлийн талаар халуун дулаан нөхөрлөлийг хамт өнгөрүүлсэн юм. Эдгээр уулзалтууд нь зөвхөн айлчлал төдий бус, бие биенээ сонсож, ойлгож, дэмжиж, итгэлээрээ хамтдаа алхахын чухлыг дахин сануулсан үнэ цэнтэй мөчүүд байлаа.

ONE VOICE 27 – НЭГЭН ДУУ ХООЛОЙГООР ҮЙЛЧЛЭХ НЬ

Улаанбаатар Төв сүмд Шаббатыг угтах тусгай цуглаанаар “One Voice 27 – Нэгэн дуу хоолой 27” санаачилгын хүрээнд эмэгтэйчүүд хамтдаа суралцан, үйлчлэлийн баяр хөөрийг хуваалцсан юм.
Рахел Айррис бидэнд эмэгтэйчүүд сайн мэдээг түгээх үйлсэд хэрхэн идэвхтэй оролцож болох, ямар зүйлд анхаарах, өөрсдийн авьяас чадвар, цаг зав,сошиал медиаг хэрхэн ашиглах, Бурханы үйлчлэлд өөрсдийгөө хэрхэн зориулах талаар урам зориг өгсөн юм. Мөн эмэгтэй хүн бүр зөвхөн өөрийн гэр бүл, сүмийн хүрээнд бус, эргэн тойрныхоо хүмүүст итгэл найдвар, хайр, халамжийг түгээх чухал үүрэгтэйг онцоллоо.
Монгол сүмүүдийн нийт гишүүдийн 70 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Энэ бол маш чухал тоо, Бурханы ажлыг урагшлуулахад эмэгтэйчүүдийн оролцоо ямар их боломж, хүн хүчний нөөц байгааг харуулж байна. Тиймээс бидний оролцоо, санаачилга, залбирал, үйлчлэл бүр сайн мэдээг түгээхэд чухал хувь нэмэр оруулдаг.
Үйлчлэл бол ганцаараа хийх ажил биш. Бид бие биенээ урамшуулж, дэмжиж, хамтдаа залбирч, хамтдаа үйлчилж, нэг нэгнээ халамжилснаар илүү хүчтэй гэрчлэл болж чадна.
Бурханы ажлыг хийхэд хүн бүрийн оролцоо үнэ цэнтэй. Зарим нь номлож чадна, зарим нь хүүхэдтэй ажиллаж чадна, зарим нь гэр бүлүүдээр зочилно, нөгөө хэсэг нь залбирч дэмжлэг үзүүлнэ. Харин эдгээр бүх жижиг мэт харагдах үйлчлэл нь нийлж, Бурханы хаанчлалын төлөөх том ажлыг бүтээдэг билээ.

Сургалтад оролцсон 30 гаруй эмэгтэйд гарын бэлэг гардуулж, тэдний оролцоо, идэвх зүтгэлийг урамшуулсан нь энэ өдрийн бас нэгэн сайхан дурсамж байлаа. Эмэгтэйчүүдийн хэлтсийн гол зорилго бол зөвхөн олон үйл ажиллагаа зохион байгуулах бус, харин эмэгтэй хүн бүрийг Бурханд илүү ойртуулах, гэр бүлдээ болон сүмдээ эерэг нөлөө үзүүлэх, бусдад итгэл найдвар түгээдэг үйлчлэгч болгон урамшуулах явдал юм. Иймээс эмэгтэйчүүд бид Нэгэн дуу хоолойгоор, нэгэн зүрхээр, нэгэн зорилгын төлөө хамтдаа үйлчилцгээе.

“НЭГ ЭМЭГТЭЙ”
“НЭГ ЗАЛБИРАЛ”
“НЭГ НЭР” гэсэн уриатайгаар энэ жилийн үйлчлэлээ эхлүүлсэн билээ. Бидний өргөсөн нэг залбирал, үзүүлсэн нэг хайр, өгсөн нэг халамж, гаргасан нэг оролцоо бүр хэн нэгний амьдралд Бурханы хайрыг мэдрүүлэх гүүр болж чадна.
“Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг юм.” 1 Иохан 4:19 ишлэлийг тунгааж, хэн нэгний амьдралд Бурханы хайрыг мэдрүүлэх гүүр болоорой.

Харилцаа холбооны хэлтэс


