Adventist MongoliaAdventist Mongolia

Мэдээ - Мэдээлэл

Монгол дахь Адвентист чуулганы шинэ мэдээ мэдээлэл

БуцахҮйл ажиллагаа

"НЭГЭН ДУУГААР27" : ӨРТӨӨЧИЛСӨН СУРГАЛТ, ӨСӨЛТӨӨР ДҮҮРЭН ӨДРҮҮД

Глобал (МАЧ)July 30, 2026
"НЭГЭН ДУУГААР27" : ӨРТӨӨЧИЛСӨН СУРГАЛТ, ӨСӨЛТӨӨР ДҮҮРЭН ӨДРҮҮД

Энэ удаагийн зуны цугларалт зөвхөн хамтдаа цугларч, нөхөрлөсөн өдрүүдээр хязгаарлагдсангүй. Харин оролцогч бүрийн итгэлийг бататгаж, мэдлэгийг нь тэлж, үйлчлэлийн шинэ арга барилд суралцах боломжийг нээсэн өгөөжөөр дүүрэн цаг хугацаа байлаа. Өртөөчилсөн сургалтын хүрээнд хүүхэд, залуус, гишүүд пасторууд өөрсдийн хэрэгцээ, насны онцлогт тохирсон сургалтад хамрагдан, Библийн мэдлэг, эрүүл амьдралын хэв маяг, дижитал үйлчлэл, сайн мэдээ түгээх арга барил, дагалдагч бэлтгэх зарчим зэрэг олон чиглэлээр суралцав.

Зуны цугларалтын төгсгөлд оролцогчдын хэлсэн нэгэн санаа нийтлэг байлаа. Тэд зөвхөн шинэ мэдлэгтэй болоод буцаагүй, харин итгэлдээ улам бат зогсож, үйлчлэлдээ илүү зоригтой алхах урам зориг, хүсэл тэмүүлэлтэй болсон тухайгаа хуваалцсан юм. Ингээд эдгээр өдрүүдийн талаарх оролцогчдын сэтгэгдлийг хүргэж байна.

Хэнтий сүмийн ахлагч Э.Сувдаа

Энэ удаагийн кемп маш олон үр өгөөжтэй сургалтаар дүүрэн байлаа. Нас насны ангилалд тохируулан сургалтууд зохион байгуулсан нь үнэхээр сэтгэлд хүрсэн. Би Батзул пасторын “Библи судлалыг хэрхэн заах вэ” сургалтад сууж, өмнөх мэдлэгээ бататгахаас гадна олон шинэ арга барил сурч авлаа.

Мөн Дижитал үйлчлэлийн сургалт онцгой анхаарал татсан. Контент хэрхэн бүтээх, цахим орчинд Библийг хэрхэн заах, сүмийн үйл ажиллагааг Дижитал платформтой хэрхэн уялдуулах талаар маш хэрэгтэй мэдлэг олж авсан. Үнэхээр үр өгөөжтэй сургалт байлаа. Энэхүү сургалтыг удирдсан Дэрмээ болон Батзул пасторууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Улаанбаатар Интернэшнл сүмийн гишүүн Л.Дөвчиндорж

Кемпийн сургалтууд үнэхээр үр өгөөжтэй байлаа. Ялангуяа залуучуудад зориулсан сургалт сонирхолтой бөгөөд бодитоор хэрэгжүүлэх боломжтой санаануудыг өгсөн. Өөрсдийн ашиглаж буй Дижитал платформоор дамжуулан залуучуудад хэрхэн хүрэх, үе тэнгийнхэнд тулгардаг бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар туршлага солилцсон нь их үнэ цэнтэй санагдсан. Мөн Од пасторын “Итгэж буй зүйлдээ үнэнч байж, түүнийгээ сайн судалж ойлгох хэрэгтэй” гэсэн зөвлөгөө миний сэтгэлд хамгийн их үлдсэн.

Улаанбаатар Төв сүмийн гишүүн Б.Барбаатар

Би эрүүл мэндийн сургалтад хамрагдсан. Дасгал хөдөлгөөн, зөв хооллолт хүний амьдралд ямар чухал болохыг илүү гүн ойлгож авлаа. Хүн бүр өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал хийх хэрэгтэй бөгөөд бүх булчингаа жигд хөгжүүлж байх нь чухал гэдгийг мэдсэн.

Мөн тусгай тоног төхөөрөмжгүйгээр, гар доорх зүйлсээ ашиглан үр дүнтэй дасгал хийх боломжтойг ойлгуулсан Энхбаяр багшдаа баярлалаа.

Дорнод сүмийн гишүүн П.Үүрийнтуяа

Хүүхдийн сургалтаар гар доорх материалаар хэрхэн бүтээлч тоглоом хийхийг сурлаа. Өөрийн гараар тоглоом урлаж чадсандаа маш их баяртай байна. Мөн үеийн найзуудтайгаа хамт хөгжилтэй, дурсамжтай өдрүүдийг өнгөрүүлсэн нь хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа.

Эрдэнэт сүмийн гишүүн Г.Ариунсайхан

Энэ кемп үнэхээр хөгжилтэй, аз жаргалтай өнгөрлөө. Бидэнд ийм сайхан боломж олгосон Бурхандаа чин сэтгэлээсээ талархаж байна. Энд мэдэрсэн баяр баясгалангаа бусдад түгээж, зөв үзэл бодолтой, зөв хүүхэд байхын төлөө улам их хичээнэ гэж шийдлээ.

Хэнтий сүмийн гишүүн С.Алтантуяа

Эрүүл мэндийн сургалт маш их таалагдсан. Хүн бүрийн мэдвэл зохих эрүүл амьдралын зөвлөгөөг ойлгомжтой тайлбарлаж, зөв хооллолтын талаар дэлгэрэнгүй хуваалцсан. Овьёосны хэрэглээ болон дасгалыг хэрхэн зөв хийхийг бодитоор үзүүлсэн нь сургалтыг улам сонирхолтой болгосон.

Энэ удаагийн кемп өмнөх жилүүдээсээ илүүгээр гишүүдээ чадавхжуулах сургалтуудаар баялаг байлаа. Нээлтийн дуу, бүжгийн тоглолт ч сэтгэлд хоногшсон сайхан байсан. Зохион байгуулсан бүх хүмүүстээ баярлалаа.

Хөтөлийн Гэрэл сүмийн гишүүн Б.Дорж

Энэ хэдэн өдөр үнэхээр үр бүтээлтэй, сайхан өнгөрлөө. Би пасторуудын эхнэр, нөхөрт зориулсан сургалтад хамрагдаж, хоорондоо холбоотой байж, бие биенийхээ төлөө залбирч, харилцан дэмжих бүлэгтэй болсондоо баяртай байна.

Мөн Дарханбаатар пасторын сургалтаас сайн мэдээг ямар зарчим, ямар хандлагаар түгээх ёстойг ойлгож авлаа. Баг болж хамтран үйлчлэхийн зэрэгцээ бүхний суурь нь залбирал гэдгийг илүү тодорхой ойлгосон.

Сүмийн гишүүн З.Даваасамбуу

Эрүүл мэндийн сургалт миний амьдралд хэрэгтэй олон зүйлийг ойлгууллаа. Эрүүл амьдрахын үндэс нь зөв хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн болохыг дахин ухамсарласан. Амьдралдаа шууд хэрэгжүүлж болох энгийн атлаа үнэ цэнтэй зөвлөгөө авсандаа баяртай байна.

Хөтөл сүмийн гишүүн П.Отгон

Би хэд хэдэн сургалтад хамрагдсан.Оюунтуяа пасторын  хувиараа сайн мэдээг хэрхэн түгээх, гэрчлэлээ гурван минутын дотор хэрхэн оновчтой хуваалцах талаар маш хэрэгтэй зүйлсийг сурлаа.

Дарханбаатар пасторын сайн мэдээ түгээх стратегийн сургалт онцгой сонирхолтой байсан. Ялангуяа хөдөө орон нутагт сайн мэдээг түгээх боломж илүү өргөн байдгийг ойлгосон. Монгол хүний зочломтгой зан чанарыг түшиглэн хүмүүстэй нөхөрлөж, Бурханы хайрыг ойлгуулах боломж их байдаг юм байна. Орон нутагтаа сайн мэдээг илүү идэвхтэй түгээх зорилготой болсон.

Архангай сүмийн пастор М.Лхагваа

Болор-Эрдэнэ пасторын “Дагалдагчийг хэрхэн бэлтгэх вэ” сургалтад хамрагдлаа. Энэ сургалтаас бусдыг дагалдуулахын өмнө өөрөө эхлээд жинхэнэ дагалдагч байх ёстойг ойлгосон. Бусдаас хүсдэг өөрчлөлтийг эхлээд өөрөөсөө шаардах хэрэгтэй гэдэг нь миний сэтгэлд гүн үлдсэн.

Мөн Иовын амьдралаар дамжуулан Бурхантай хамт алхах итгэлийн үнэ цэнийг илүү гүн ойлгож, залбирал, Библи уншлага, үйлчлэлээр дамжуулан итгэлээ өдөр бүр батжуулах хэрэгтэйг дахин ухаарлаа. Ийм олон чиглэлийн сургалтад хамрагдах боломж бүрдүүлсэн нийт пасторууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Тэр заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээг тунхаглагч, заримыг нь хоньчин бөгөөд багш болгосон нь ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэн, Христийн биеийг босгон байгуулахын тулд юм." (Ефес 4:11–12

Нийтлэл бичсэн : Харилцаа Холбооны хэлтэс

Хуваалцах:𝕏
0

Сэтгэгдэл бичих болон реакц үлдээхийн тулд нэвтэрнэ үү.

Уншиж байна...