Долоо дахь өдрийн Адвентист сүмийн Хойд Ази, Номхон далайн бүсийн чуулганы (NSD) ерөнхийлөгчөөр Ким Сун Хван 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болсон Жилийн зөвлөлийн хурлын үеэр сонгогдлоо.
Дэлхийн Ерөнхий чуулганы (GC) чуулгануудын хооронд нэр дэвшүүлэх хорооны үүргийг гүйцэтгэдэг NSD-ийн Гүйцэтгэх хороо (EXCom) хуралдаж, Кимийг Дэлхийн Ерөнхий чуулганы Гүйцэтгэх хороонд нэр дэвшүүлэхээр санал болгосон байна.
NSD-ийн Гүйцэтгэх хорооны хурлын үеэр Дэлхийн Ерөнхий чуулганы ерөнхийлөгч Эртон Кёлер хэлэлцүүлгийг эхлүүлэхдээ хариуцлага, ил тод байдал, шударга байдлыг эрхэмлэхийн чухлыг онцлон тэмдэглэжээ. Улмаар уг саналыг Дэлхийн Ерөнхий чуулганы Гүйцэтгэх хороонд танилцуулсан бөгөөд олон улсын төлөөлөгчид түүний томилгоог баталсан байна.
Ким Сун Хван нь 10 дугаар сарын 9-ний өдөр Дэлхийн Ерөнхий чуулганы Гүйцэтгэх хороо огцрох хүсэлтийг нь хүлээн авсан Кан Сүн Гигийн халааг авч байгаа юм.
Түүний сонгогдсоноор тус бүсийн чуулганы удирдлагын орон тоо нөхөгдөж байна. NSD нь 9 улс, нутаг дэвсгэрт сүмийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг бөгөөд нийтдээ 700 сая орчим хүнд үйлчилдэг. Тэдгээрийн дотор Долоо дахь өдрийн Адвентист сүмийн 365,000 гаруй гишүүн бий.

Сонгогдсон тухайгаа Ким Сун Хван хэлэхдээ, бүсийн чуулганд тулгарч буй сорилт бэрхшээлийг хүлээн зөвшөөрч, Бурханы удирдамжид итгэж байгаагаа илэрхийлэв.
Тэрээр : “Манай бүсийн чуулган олон сорилттой тулгарч буй энэ цаг үед ийм хариуцлагатай үүрэг хүлээж байгаадаа өөрийгөө даруу байлгаж, бас багагүй эмээж байна. Гэсэн хэдий ч Ром 11:29-д бичсэн ‘Бурханы бэлэг болон дуудлага нь буцалтгүй’ гэсэн амлалтад итгэн энэхүү дуудлагыг хүлээн авлаа” хэмээн хэлжээ.
Тэрээр цааш нь : “Би Бурханд бүхэлдээ найдаж, Түүнд болон Түүний сүмд үнэнчээр үйлчлэхийн төлөө чадах бүхнээ хийх болно. Энэхүү хариуцлагыг хүлээн авч буй энэ үед миний төлөө залбирч өгөхийг та бүхнээс даруухнаар хүсэж байна” гэжээ.
Дэлхийн Ерөнхий чуулганы ерөнхийлөгч Эртон Кёлер Кимийн сонгогдсонд баяр хүргэж, түүний үйлчлэлийн зорилго, эрхэм зорилгодоо үнэнч байдгийг онцолсон байна.
Кёлер : “Тэр бол тэнцвэртэй үзэл бодолтой, сүмийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд онцгой анхаардаг удирдагч юм. Энэ хоёр чанар нь өнөөгийн нөхцөлд сүмийн хувьд нэн чухал” хэмээн хэлжээ.
Сүмийн удирдлагын салбар дахь туршлага
Ким Сун Хван хамгийн сүүлд 2025 оны наймдугаар сард томилогдсон Египетийн бүсийн чуулганы ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Тэрээр пасторын болон захиргааны удирдлагын салбарт 30 гаруй жилийн туршлага хуримтлуулжээ.
Египетэд томилогдохоосоо өмнө тэрээр NSD-ийн хүрээнд хэд хэдэн удирдах албан тушаал хашиж байсан. Тухайлбал, Адвентистын эрхэм зорилго, Олон нийттэй харилцах болон шашны эрх чөлөөний хэлтэс (PARL), Адвентист энгийн гишүүдийн үйлчилгээ, үйлдвэрлэлийн байгууллага (ASI)-ын захирлаар ажиллаж байв. Мөн 2021–2022 онд бүсийн чуулганы нарийн бичгийн даргын орлогчоор ажилласан байна.
Кёлер Кимийн олон улсын түвшинд ажилласан туршлага, энэ нь шинэ үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхэд ямар ач холбогдолтой болохыг онцолжээ.
Тэрээр : “Хойд Ази, Номхон далайн бүсийн чуулган болон Египетийн бүсийн чуулганд ажилласан туршлага нь түүнд дэлхийн сүмийн үйл ажиллагааг өргөн хүрээнд харах боломж олгосон. Энэ нь дэлхийн хэмжээний сүмтэйгээ нягт холбоотой байхын зэрэгцээ бүсийн чуулганыг удирдан чиглүүлэхэд нь тусална” гэжээ.

Ким өмнө нь Өмнөд Солонгосын Баруун-Төв Солонгосын чуулганы харьяа Илсан англи хэлний сүмд ахлах пастороор ажиллаж байв. Мөн Солонгос дахь Долоо дахь өдрийн Адвентист сүмийн Хэлний сургуульд удирдах албан тушаал хашиж, гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажилласныхаа дараа Филиппин дэх тус сургуулийн хэлний төвийн захирлаар томилогджээ.
PARL-ийн захирлаар ажиллаж байхдаа Ким 2019 онд Өмнөд Солонгосын Дээд шүүхээс гаргасан, Амралтын өдрийг сахихтай холбоотой шашны эрх чөлөөний асуудлаарх түүхэн шийдвэрт оролцсон байна.
Уг хэрэг нь Долоо дахь өдрийн Адвентист сүмийн анагаахын оюутан Хан Жимантай холбоотой байв. Тэрээр шашны итгэл үнэмшлийнхээ дагуу Амралтын өдөр шалгалт өгөхөөс зайлсхийхийн тулд шалгалтын хуваарийг өөрчлүүлэх хүсэлт гаргажээ.
Энэхүү шийдвэр нь Өмнөд Солонгост Амралтын өдрийг сахидаг хүмүүсийн шашин шүтэх эрх чөлөөг хамгаалахад чухал ахиц дэвшил болсон юм.
Ким Сун Хван Өмнөд Солонгосын Самюк их сургуулийг теологийн бакалаврын зэрэгтэй төгссөн. Дараа нь Филиппин дэх Адвентистын Олон улсын ахисан түвшний судалгааны хүрээлэн (AIIAS)-д Шинэ Гэрээний судлалын чиглэлээр мэргэшин, шашин судлалын магистрын зэрэг хамгаалжээ. Тэрээр саяхан Самюк их сургуульд эрхэм зорилго судлал болон хэрэглээний теологийн чиглэлээр докторын зэргээ хамгаалсан байна.
Ким Сун Хван эхнэр Пак Сүк Жагийн хамт амьдардаг бөгөөд тэд гэр бүлтэй болсон хоёр хүү, хоёр ач охинтой.
Харилцаа Холбооны хэлтэс


