Сайн байна уу та. Өөрийгөө танилцуулахгүй юу ? Та хаанаас ирсэн вэ ? : Намайг С.Алтантуяа гэдэг. Би Хэнтий аймгийн Батноров суманд амьдардаг. Хэнтий сүмээс энэ удаагийн зуны цугларалтад ирлээ.
Танайх ам бүл хэдүүлээ вэ ? Та гэр бүлээ танилцуулаач ? : Манайх ам бүлтэй 9, би 7 сайхан охины ээж. Миний 7 охиноос 1 нь Хэнтий сүмд, нөгөө нь Баяр хайр сүмд Эзэнийг даган итгэлээр алхаж байгаа нь миний амьдралын хамгийн том баяр, хамгийн үнэт ерөөл юм."ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд тааламжгүй байваас хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог. Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад мөргөх үү эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн, бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ. (Иошуа 24:15) гэсэн Бурханы үг бидний гэр бүлд биелж эхэлж байгааг харах үнэхээр гайхамшигтай.
Та сүмд хэзээ ирсэн бэ ? : Би 2026 оны намар Хэнтий сүмийн ахлагч Э.Сувдаа дүүгийнхээ урилгаар анх сүмд ирсэн. Эзэн намайг өөрийн хайраар дуудан авчирсныг өнөөдөр улам илүү мэдэрч байна. Сүмд ирснээрээ зөвхөн сүнслэг амьдралаар өсөөд зогсохгүй, эрүүл мэндийн талаар олон үнэ цэнтэй мэдлэг, зөвлөгөө авч, Бурханы өгсөн амьдралын зөв зарчмуудыг хэрэгжүүлж эхэлсэндээ баяртай байна.

Усан баталгаа хүртэх шийдвэрээ хэзээ гаргасан бэ ? : Усан баталгаа хийлгэх шийдвэрээ би охидтойгоо зөвлөлдөн гаргасан. Нэг охин маань өнгөрсөн 6-р сард усан баталгаа хийлгэснийг хараад миний зүрхэнд ч мөн адил Эзэнийг илүү бүрэн дүүрэн дагах хүсэл төрсөн юм. Тэр үед би Эзэнд хандан: "Эзэн минь, би бэлэн байна. Намайг удирдаач." хэмээн залбирсан. Эзэн миний залбирлыг сонсож, өөрийн цаг хугацаанд хариулсан учраас өнөөдөр энэ шийдвэрээ биелүүлж байгаадаа туйлын их баяртай байна. "Хэрэв хэн нэгэн Христ дотор байвал тэр шинэ бүтээл мөн. Хуучин нь өнгөрч, харагтун, шинэ нь бий болсон." (2 Коринт 5:17). Энэхүү Бурханы үг миний амьдралд бодитоор хэрэгжиж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Өнөөдөр миний сэтгэл амар тайван, итгэл найдвараар дүүрэн байна. Хэнтий сүмийн нэгэн гишүүн болж, итгэлийн гэр бүлийн нэг хэсэг болсон нь миний хувьд үнэлж баршгүй ерөөл юм.
Тантай хамт усан баталгаа хийлгэсэн хүмүүст хандаж та юу гэж хэлмээр байна ? : Надтай хамт усан баталгаа хүртсэн бүх ахан дүүсдээ Эзэний элбэг арвин ерөөл, амар тайван, итгэл дүүрэн амьдралыг ерөөе. Эзэний нигүүлсэл дотор бат зогсож, түүний алдрыг амьдралаараа гэрчлэн явах болтугай хэмээн ерөөе.
Таны цаашдын бодол, хүсэл юу байгаа вэ ? Энэ удаагийн зуны цугларалтаас төрсөн сэтгэгдэл, зорилгоо хуваалцвал : Цаашид Бурханыг таньж мэдээгүй найз нөхөд, төрөл төрөгсөд, гэр бүлийнхэнтэйгээ энэхүү баярт мэдээг хуваалцаж, тэднийг ч мөн Эзэний хайрыг мэдэрч, сүмд ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. "Тиймээс та нар явж, бүх үндэстнийг дагалдагч болго." (Матай 28:19) гэсэн Эзэний үгийг даган амьдрахыг хүсдэг. Баярлалаа та бүхэндээ.
Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Харилцаа Холбооны хэлтэс


