Adventist MongoliaAdventist Mongolia

Мэдээ - Мэдээлэл

Монгол дахь Адвентист чуулганы шинэ мэдээ мэдээлэл

БуцахМэдээ

“САМ ЮҮК” МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Глобал (МАЧ)October 1, 2026
“САМ ЮҮК” МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

“САМ ЮҮК” мэргэжлийн боловсролын сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээ болж, багш, оюутнууд шинэ хичээлийн жилийнхээ эхний хонхыг цохилоо.

Нээлтийн арга хэмжээг тус сургуулийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Ж.Пүрэвдулам нээж, багш, оюутнууд болон хүрэлцэн ирсэн зочдод мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ удаагийн нээлтийн арга хэмжээнд сургуулийн үе үеийн удирдлага, төгсөгчид, МАЧ-ны удирдлага, ажилтнууд, сүмийн пастор, ахлагч нарын төлөөлөл хүрэлцэн ирж, оюутнуудын баярт мөчийг хуваалцлаа.

Түүнчлэн “САМ ЮҮК” мэргэжлийн боловсролын сургуулийг анхлан байгуулахад гар бие оролцож, сургуулийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үүсгэн байгуулагч, анхны гүйцэтгэх захирал Б.Энхжаргал, болон Д.Жавзансүрэн, нягтлан Б.Нэргүй болон тус сургуулийн анхны төгсөгчдийн төлөөлөл болох Б.Төрмөнх, П.Номинчимэг нар хүрэлцэн ирж сэтгэлийн үгээ хэлж амжилт хүслээ.

Нээлтийн үеэр сургуулийн үүсэл, хөгжлийн түүхийг эргэн дурсаж, анх байгуулж байсан үеийн дурсамж, үнэ цэнтэй түүхээс хуваалцсан сэтгэл догдлом мөч байв.

“САМ ЮҮК” мэргэжлийн боловсролын сургуулийг үүсгэн байгуулагч, анхны гүйцэтгэх захирал Б.Энхжаргал, болон Д.Жавзансүрэн, шинээр элсэн орж буй оюутнууддаа хандан, “Сургуулиа жижиг гэж гололгүй, сонгосон мэргэжлээ чамлалгүйгээр суралцаарай” хэмээн захиж, боловсролын үнэ цэнэ нь зөвхөн сургуулийн нэр, орчноор хэмжигддэггүй”-г онцолсон юм.

Мөн “Амжилт гэдэг алс холын зүйл биш. Хичээлдээ цагтаа ирж, суралцахын төлөө хичээл зүтгэл гаргаж байгаа нь өөрөө амжилтын эхлэл” хэмээн оюутнуудад урам зориг өгч, шинэ хичээлийн жилдээ хичээл зүтгэлтэй, зорилготой суралцахыг хүслээ.

2026-2027 оны хичээлийн жилд сургалтын менежерээр Г.Жаргалсайхан, Хэрэглээний программын багшаар А.Отгонбаяр, Аяллын хөтөч мэргэжлийн багшаар О.Бямбажаргал нар ажиллаж, оюутнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалтыг удирдан явуулах юм.

“Хүнийг өөрчилдөг боловсрол, Дэлхийг өөрчилдөг боловсрол” гэсэн үзэл баримтлалын хүрээнд “САМ ЮҮК” мэргэжлийн боловсролын сургууль нь эрүүл мэнд, зүрх сэтгэлийн боловсрол, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг хослуулсан гурван талт боловсролыг олгохыг зорьж байна.

Тус сургууль нь олон улсын стандартад нийцсэн, нийгмийн хэрэгцээ шаардлага болон ажил олгогчдын эрэлтэд тулгуурласан мэдлэг, ур чадвар, зөв хандлагатай мэргэжилтнийг бэлтгэх зорилготой мэргэжлийн боловсролын байгууллага юм.

Ирэх жилүүдийг хамтдаа бүтээж, мэдлэг чадвар, зөв хандлагаар өөрсдийгөө хөгжүүлэн, илүү сайхан ирээдүйг зорин суралцахыг нийт оюутнууддаа уриаллаа.

Тус сургууль 2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтээ 10 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлүүлэн авч байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 88824491, 99163725 дугааруудаас лавлаарай.

Харилцаа Холбооны хэлтэс

 

Хуваалцах:𝕏
0

Сэтгэгдэл бичих болон реакц үлдээхийн тулд нэвтэрнэ үү.

Уншиж байна...