70 жилийн түүхтэй Тайваны Адвентист эмнэлгийн Ерөнхийлөгч Шин Хон Чэнь гэргий Сара, Хүний их эмч Жүн Чэн Кан, нарийн бичгийн дарга Мишель нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Монгол Улсад анх удаа хүрэлцэн ирж, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр уулзалтуудыг хийлээ.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Хойд Ази-Номхон далайн бүсийн Сүмийн үйлчлэлийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгчөөр Жонас Аррайс болон МАЧ-ны удирдлагуудтай уулзаж, Амос Дент шүдний эмнэлэг болон чуулганы дэргэдэх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол, нийгэмд чиглэсэн үйлчлэлүүдийг хамтран хөгжүүлэх талаар ярилсан юм.


Мөн Тайваны Адвентист эмнэлгийн хэрэгжүүлж байгаа “Шинэ гараа” хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагаа болон хэрэгжүүлж байгаа арга барилын талаарх мэдээлэлтэй танилцлаа.
Түүнчлэн Монгол Улсад Адвентист эмнэлэг байгуулах алсын хараа, үе шаттайгаар хөгжүүлэх боломж, цаашид хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар ярилцсан юм. Эдгээр хамтын ажиллагааны цаад зорилго нь өвчтөнийг эмчлэхдээ давхар БИЕ, СҮНС, ОЮУН САНААГ анагаахад чиглэх ёстой хэмээн ярилцаж, санал нэгдсэн юм. Энэхүү гурвалсан холбоо нь Долоо дахь өдрийн Адвентист сүмийн үзэл баримтлалтай төгс нийцдэг ба Библи дээр Есүс “Би тэднийг амьтай байлгахын тулд, бүр элбэг дэлбэг амьтай байлгахын тулд ирсэн.”
хэмээн Иохан 10:10 ишлэлд дурдсан байдаг.

Ийнхүү Тайваны Адвентист эмнэлгийн төлөөлөгчдийн айлчлал нь эрүүл мэндийн салбарын мэдлэг, туршлага солилцох, олон нийтэд чиглэсэн эрүүл мэндийн үйлчлэлийг хөгжүүлэх, Монгол Улсад Адвентист эрүүл мэндийн үйлчлэлийг хөгжүүлэх хамтын ажиллагааны анхны суурийг тавьсан чухал алхам боллоо.
Харилцаа Холбооны хэлтэс


