Adventist MongoliaAdventist Mongolia

Мэдээ - Мэдээлэл

Монгол дахь Адвентист чуулганы шинэ мэдээ мэдээлэл

БуцахМэдээ

“ӨВ ТЭЭГЧ КЭМПОРИ – 2026”

Глобал (МАЧ)September 25, 2026
“ӨВ ТЭЭГЧ КЭМПОРИ – 2026”

Жил бүрийн 9-р сарын 19-ний өдрийг дэлхий даяар “Speak, Lord!” уриан дор Мөрчийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

2026–2027 оны хичээлийн шинэ жилээс эхлэн Мөрчийн шинэ удирдагчаар Э.Энхчимэг томилогдсон бөгөөд Мөрчийн удирдах зөвлөлийн баг хуралдан, энэ жилийн Мөрчийн өдрийг “Өв тээгч” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Ийнхүү 9-р сарын 19–20-ны өдрүүдэд Суут амралтын газар “Өв тээгч Camporee – 2026” арга хэмжээг амжилттай зохион байгуулж, нийт 140 гаруй Мөрч, Хөгжилтэй аялагчид болон тэдний гэр бүл, удирдагчид оролцлоо.

Цугларалтын үеэр Мөрчийн үйлчлэлийн үндсэн үйл ажиллагаа, цаашдын зорилго, алсын харааг танилцуулсан ба Монгол өв соёл, итгэл үнэмшлээ дараагийн үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор олон төрлийн ур чадварын сургалтуудыг зохион байгуулсан юм.

Оролцогчид гэр барих, морь унах, үнээ саах, шагай наадах, сур харвах, олс зангидах зэрэг нийт 14 төрлийн ур чадварын сургалт, үйл ажиллагаанд хамрагдсан юм.

Эдгээр үйл ажиллагаа нь зөвхөн хүүхэд багачуудын сонирхлыг татсангүй. Томчууд маань ч Монгол ахуй, өв соёлоосоо бид хэрхэн алсарч ирснээ эргэцүүлэн бодож, үндэсний уламжлалаа эргэн санаж эргэцүүлэн бодсон өдрүүд болж өнгөрлөө.  

Мөрчийн үйлчлэл бол зөвхөн хүүхэд, залуучуудад зориулсан сургалт, хөтөлбөр төдий бус, бүх насныханд, тэр дундаа гэр бүлд зориулсан үйлчлэл гэдгийг оролцогчид улам бүр ойлгож, мэдэрч байлаа.

Ийнхүү 2026–2027 оны Мөрчийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байна. Цаашдын бүхий л үйл ажиллагаа, арга хэмжээнд та бүхнийг идэвхтэй оролцож, хамтдаа хөгжиж, хамтдаа үйлчлэхийг уриалж байна.

Цаашид 2028 оны 2-р сард Тайвань улсад болох Хойд Ази, Номхон далайн бүсийн кэмпори, мөн 2029 онд Америкийн Ошкош хотод болох олон улсын кэмпорид олноороо оролцохоор төлөвлөж байна.

Монгол орноо, монгол өв соёлоо дэлхийд таниулах олон сайхан боломж биднийг хүлээж байна. Гэхдээ эдгээр томоохон арга хэмжээнд амжилттай оролцохын зэрэгцээ эх орондоо бие даасан, чанартай хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж, үйлчлэлийн туршлагаа улам бүр хөгжүүлэх нь чухал юм

Тиймээс Мөрчийн үйлчлэлд зүрх сэтгэлээ зориулан, хүүхэд залуус болон гэр бүлүүдэд үйлчлэх хүсэлтэй хүн бүрийг бидэнтэй нэгдэж, хамтран ажиллахыг урьж байна.

Хамтдаа өв соёл, итгэл үнэмшил, үнэт зүйлсийг дараагийн үедээ өвлүүлэн үлдээцгээе!

Once a Pathfinder, Always a Pathfinder!

 

 

Харилцаа Холбооны хэлтэс

Хуваалцах:𝕏
0

Сэтгэгдэл бичих болон реакц үлдээхийн тулд нэвтэрнэ үү.

Уншиж байна...