Adventist MongoliaAdventist Mongolia

Мэдээ - Мэдээлэл

Монгол дахь Адвентист чуулганы шинэ мэдээ мэдээлэл

БуцахМэдээ

“ИТГЭЛЭЭРЭЭ ЗАЛУУ, ЗҮРХЭЭРЭЭ ХАМТДАА” АХМАДЫН КЕМП АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Глобал (МАЧ)October 5, 2026
“ИТГЭЛЭЭРЭЭ ЗАЛУУ, ЗҮРХЭЭРЭЭ ХАМТДАА” АХМАДЫН КЕМП АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ахмадын баярыг угтан, 10 гаруй жил завсарласан Ахмадын кемпийн үйл ажиллагааг Гэр бүл, эмэгтэйчүүдийн хэлтсээс дахин сэргээн зохион байгууллаа.

Энэ үеэр ахмадууд “НЭГЭН ДУУГААР27” хөдөлгөөнд нэгдэж, “Нэг дуу хоолой, нэг эмэгтэй, нэг залбирал” уриан дор хамтдаа залбирч, бусдыг ерөөн, итгэл найдвараа хуваалцах зорилгоо нэгтгэсэн юм.

Библид ахмад насыг боловсорсон, шүүслэг жимстэй зүйрлэн, амьдралын үнэ цэнэ, дуудлага хэзээ ч дуусдаггүйг өгүүлдэг. Дуулал 92:12-15-т “Тэд өтөл насандаа ч үр жимс гаргана. Тэд шүүслэг, ногоон хэвээр байна” хэмээн бичсэн байдаг.

Тиймээс ахмад нас бол амьдралаас хөндийрөх бус, харин олон жилийн турш хуримтлуулсан туршлагаа залуу үедээ өвлүүлж, зөвлөж, чиглүүлэн, бусдад ерөөл болох онцгой үе. Ач, зээдээ Есүсийг танилцуулах, нэг хүний төлөө тогтмол залбирах, гэр бүл, сүмдээ эвлэрлийг авчрах, амьдралын гэрчлэлээ дараа үедээ үлдээх сайхан нас…

Мөн “Сэтгэлийн булаг” ахмадын клубын үйл ажиллагааг танилцуулж, тэдний хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгөв. Цаашид Улаанбаатар хотын нийт ахмадуудыг энэхүү үйл ажиллагаанд татан оролцуулж, өөрсдийн хүч чадал, авьяас, туршлагаа ашиглан бусдад Бурханыг танин мэдэхэд нь туслах, идэвхжүүлэх уриаллаа.

Ахмадын кемпид нийт 14 сүмийн 50 гаруй ахмад оролцсон бөгөөд хамгийн ахмад нь 80, хамгийн залуу нь 58 настай байлаа. Мөн энэ үеэр ахмадууддаа эрүүл мэнд, амьдралын хэрэгцээт мэдлэг олгох нийт гурван төрлийн сургалтыг зохион байгуулжээ.

“Цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх нь”- эрүүл мэндийн сургалт

“Эрүүл хооллолт ба таны бие”- хоол хүнс, шим тэжээлийн сургалт

“Миний банк, миний гар утас”- цахим болон санхүүгийн хэрэглээний сургалт.

Эдгээр сургалтыг Иммануэль сүмийн ахлагч Ж.Одончимэг, мөн сүмийн гишүүд Э.Дэлгэрмаа, С.Баянжаргал нар хариуцан зааж, ахмадуудад өдөр тутмын амьдралд хэрэгтэй мэдлэг, мэдээллийг өглөө.

Энэ үеэр ахмадуудыг үр хүүхэд, залуу хойч үеэ үргэлж ерөөж, залбирч, сайн сайхан бүхнийг өвлүүлэн үлдээхэд уриаллаа.

Ийнхүү олон жилийн дараа дахин сэргэсэн Ахмадын кемпээр ахмад үеийнхэн нэгэн дор хуран цуглаж, дуу хуур, бүжиг, инээд баясал, дурсамжаар дүүрэн өдрүүдийг хамтдаа өнгөрүүллээ.

 

Харилцаа Холбооны хэлтэс

Хуваалцах:𝕏
0

Сэтгэгдэл бичих болон реакц үлдээхийн тулд нэвтэрнэ үү.

Уншиж байна...