Adventist MongoliaAdventist Mongolia

Мэдээ - Мэдээлэл

Монгол дахь Адвентист чуулганы шинэ мэдээ мэдээлэл

БуцахМэдээ

АДРА МОНГОЛ “COP17”-Д ОРОЛЦОЖ, ЦӨЛЖИЛТ ГАЗРЫН ДОРОЙТЛЫН ЭСРЭГ ДУУ ХООЛОЙГОО ХҮРГЭЛЭЭ

Глобал (МАЧ)September 16, 2026
АДРА МОНГОЛ “COP17”-Д ОРОЛЦОЖ, ЦӨЛЖИЛТ ГАЗРЫН ДОРОЙТЛЫН ЭСРЭГ ДУУ ХООЛОЙГОО ХҮРГЭЛЭЭ

“АДРА” олон улсын байгууллага нь дэлхийн 120 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг, НҮБ-тай хамтран ажилладаг олон улсын хүмүүнлэгийн байгууллага юм. АДРА Монгол 1994 оноос хойш Монгол улсад хүмүүнлэг хөгжил туслалцааны чиглэлээр Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу болон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн дагуу төвийг сахих байр сууринаас шашин шүтлэг нийгмийн гарал угсаа, яс үндэс үл харгалзан иргэдийн амьжиргааг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангах, гамшиг болон хүнд нөхцөлд өртсөн иргэдэд тусламж хүргэхийн зэрэгцээ тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ.

Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын Хүмүүнлэгийн эрх зүйн дагуу шашин сурталчлахгүй (non-proselytization) байх зарчмыг чанд баримтлан,  хүмүүнлэгийн болон хөгжлийн замаар нийгэмд тусалдаг байгууллага билээ.

Энэ хүрээнд Монгол Улсад зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу “UNCCD COP17” АДРА МОНГОЛ идэвхтэй оролцож, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ үйл ажиллагаа, үр дүнг танилцуулж, оролцогч талуудтай санал солилцлоо.

“COP17” нь газрын доройтол, цөлжилттэй тэмцэх, экосистемийг нөхөн сэргээх, тогтвортой газар ашиглалтыг дэмжих чиглэлээр улс орнууд нэгдсэн ойлголтод хүрч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэсэн олон улсын арга хэмжээ юм.

АДРА МОНГОЛ-ын хувьд тус хуралд оролцсон нь шууд санхүүжилт авах зорилготой бус, харин цөлжилт, газрын доройтлын эсрэг Монгол Улсад хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны сайн туршлагыг олон улсын түвшинд танилцуулж, ижил зорилготой байгууллага, түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ач холбогдолтойгоор оролцсон юм.

АДРА МОНГОЛ нь одоогоор органик хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, өрхийн амьжиргааг дэмжих чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт Эрс тэс уур амьсгалд нийцсэн газар тариалангийн төсөл, Бэлчэээрийн цогц менежмент болон Органик хөдөө аж ахуйн түншлэл төслүүдийн хүрээнд органик аргаар хүнс тариалах, хөрсний үржил шим, чийгийг хадгалах, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажилласан туршлагаа COP17-ын үеэр Ногоон бүсийн хурлын танхимд олон нийтэд илтгэл, ярилцлага хэлбэрээр танилцуулсан юм.

Мөн бэлчээрийн даац, мал аж ахуйн тогтвортой байдлыг дэмжих хүрээнд нарийн ноост хонины үүлдрийн чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудаа тус тус танилцууллаа. Тухайлбал, Хангай болон Орхон үүлдрийн хонины ноосны чанар, эдийн засгийн үр өгөөж, малын ашиг шимийг нэмэгдүүлэх замаар бэлчээрийн зохистой ашиглалтыг дэмжих боломжийн талаар мэдээллүүдийг тус тус цэнхэр бүс дэх  дэд хурлуудад бол панел уулзалтуудын үеэр хүргэж ажиллалаа.

Түүнчлэн АДРА МОНГОЛ нь НҮБ, Европын холбоо болон цөлжилт, газрын доройтлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон үндэсний байгууллагуудын уулзалт, хэлэлцүүлгүүдэд оролцож, хэрэгжүүлсэн болон хэрэгжиж буй төслүүдийнхээ үр дүн, туршлагыг хуваалцан, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийллээ.

COP17-ын үеэр АДРА МОНГОЛ-ын зохион байгуулсан танилцуулга, уулзалт, сургалт болон мэдээллийн үйл ажиллагаанд иргэдээс гадна төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд идэвхтэй оролцож, органик хөдөө аж ахуй, газрын нөхөн сэргээлт, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн талаар санал бодлоо солилцсон нь анхаарал татаж хамтын ажиллагааны харилцаа холбоо тогтооход тодорхой нөлөөлсөн болно.

АДРА МОНГОЛ нь COP17-ын Ногоон бүс хэсэгт өөрийн үзэсгэлэнгийн талбай ажиллуулж, органик хөдөө аж ахуйн төсөл болон бусад хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулсан юм.

Бид цаашид Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгийн газар болон Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд газрын доройтлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийг дэмжих нийтлэг зорилгын төлөө хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн ажиллахаар алсын хараагаа тодорхойлж байна. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол иргэн эрүүл чанартай урт наслах болно.

Хүн төрөлхтнийг Бурханы хүслийн дагуу сайн сайхан амьдрахад туслах эрхэм зорилгын дагуу АДРА МОНГОЛ байгууллага Хайр Энэрэл Шударга байдлыг нийгэмдээ түүчээлсээр байна.

Харилцаа Холбооны хэлтэс

Хуваалцах:𝕏
0

Сэтгэгдэл бичих болон реакц үлдээхийн тулд нэвтэрнэ үү.

Уншиж байна...