“Цогтой залуус” хөтөлбөрийн “Сургагч багш” сургалтад 50 гаруй оролцогч хамрагдлаа. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий Чуулганы Эрүүл мэндийн хэлтсийн гүйцэтгэх захирал Катя Рейнэрд, Залуучуудын хэлтсийн гүйцэтгэх захирал Рон Генебаг нар хүрэлцэн ирж, МАЧ-ны удирдлагуудын хамтаар сургалтыг нээж, хөтөлбөрийн зорилго, ач холбогдлын талаар танилцууллаа.


Нээлтийн үеэр Залуучуудын хэлтсийн гүйцэтгэх захирал Рон Генебаг хэлэхдээ, “Удирдагч гэдэг бол бусдыг зөв замд чиглүүлэн дагуулдаг хүн юм. Хэрэв та хэн нэгнийг дагуулж байгаа бол түүнийг ч мөн ирээдүйн удирдагч болгон төлөвшүүлэхийг зориорой. Жинхэнэ удирдагч хүн эхлээд сайн дагалдагч байж гэмээнэ түүний нөлөө эерэг өөрчлөлтийг авчирдаг” хэмээн онцоллоо.
Ерөнхий Чуулганы Эрүүл мэндийн хэлтсийн гүйцэтгэх захирал Катя Рейнэрд, “Энэ хөтөлбөр бол зөвхөн нэг хэлтсийн ажил биш, харин олон хэлтсийн хамтын ажиллагааны үр дүн юм” хэмээн онцоллоо.
Тэрээр “Өнөөгийн залуус амьдралынхаа туршид олон чухал сонголт хийх шаардлагатай тулгарч, үүнийг дагаад төрөл бүрийн эрсдэлтэй нүүр тулдаг болохыг дурдав. Иймээс эдгээр эрсдлийг хэрхэн даван туулж, зөв сонголт хийх нь хамгийн чухал” гэдгийг тэмдэглэлээ.

Мөн техник, технологийн хурдацтай хөгжлийг дагаад залуус олон төрлийн үзэл бодол, мэдээллийн урсгал, уруу таталттай өдөр тутам нүүр тулж байгаа нь тэдний бие махбод, сэтгэл зүй, нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлөх эрсдлийг нэмэгдүүлж байгааг онцлов. Үүний зэрэгцээ сэтгэл гутрал, тогтворгүй байдал, амиа хорлох бодол зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн асуудал залуусын дунд түгээмэл ажиглагдаж байгааг дурдсан юм.
Тиймээс энэхүү хөтөлбөрөөр дамжуулан залуусыг зөв үнэт зүйлд чиглүүлж, эрсдлийг зөвөөр даван туулах мэдлэг, чадвар эзэмшүүлэхийн зэрэгцээ амьдралдаа зөв сонголт хийхэд нь зөвлөж, чиглүүлэх юм.

Сургалтын эхний өдөр оролцогчид сургагч багш нарын удирдлага дор харилцан танилцах, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэх хөгжөөнт тоглоом, дасгалуудад хамрагдан, нөхөрлөлөө. Ийнхүү харилцан танилцаж, туршлага солилцсон үр өгөөжтэй үйл ажиллагаагаар сургалтын эхний өдөр өндөрлөсөн юм.






Харилцаа Холбооны хэлтэс


