Баянгол дүүргийн 28 дугаар хороо нь 7,200 гаруй иргэнтэй бөгөөд МАЧ-ны байршилд ойр оршдог, олон жилийн хамтын ажиллагаатай байгууллага юм. Тус хорооны Засаг дарга болон “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран иргэдэд анхан шатны эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө өглөө.
Тус үйл ажиллагаанд Тайваны Адвентист эмнэлгийн Ерөнхийлөгч Шин Хон Чэнь, түүний гэргий Сара, хүний их эмч Жүн Чэн Кан, нарийн бичгийн дарга Мишель нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид болон чуулганы ажилтнуудын хамтаар 40 гаруй иргэдэд хүрч үйлчиллээ.


Үзлэгийн үеэр иргэдийн цусан дахь сахарын хэмжээг шалгаж, биеийн жингийн индекс (БЖИ)-ийг тодорхойлон, эрүүл мэндийн байдалд нь тохирсон зөвлөгөө, мэдээллийг өгсөн юм.

Мөн бүдүүн болон шулуун гэдэсний эмч Жүн Чэн Кан иргэдэд бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдрын эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэлт, зөв амьдралын хэв маяг, орчин үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга барилын талаар сургалт өглөө.

Энэхүү үйл ажиллагаа нь иргэдийн эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн чухал үйлчлэл боллоо. Хамтдаа эрүүл мэндийг дэмжиж, сайн сайхны төлөө үйлчилье.

Харилцаа Холбооны хэлтэс


