БНСУ-ын Умард Ази, Номхон далайн бүсийн (NSD) Долоо дахь өдрийн Адвентист сүмийн анхны ерөнхийлөгч, ахлагч Пён Дог Чүн 2026 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 90 насандаа таалал төгслөө.
Тэрээр 1936 оны 10 дугаар сарын 10-нд БНСУ-ын Чүнчоннам-до мужийн Хонсон хотод төрсөн бөгөөд амьдралынхаа 40 гаруй жилийг Долоо дахь өдрийн Адвентист сүмийн үйлчлэлд зориулжээ. 1960 онд Гванси Сам Юүк дунд сургуульд багшаар ажиллаж, улмаар пастор болон хэлтсийн захирлаар үйлчилж байв. Тэрээр 1966 оны 1-р сарын 1-нд Сайн мэдээний үйлчлэлд томилогдож байсан билээ.
Ахлагч Чүн Филиппин дэх Долоо дахь өдрийн Адвентист теологийн семинарт теологийн чиглэлээр дээд боловсрол эзэмшиж, шашны ухааны магистрын зэрэг хүртсэн юм. Солонгост эргэн ирснийхээ дараа Солонгосын Холбооны бага хурлын Боловсрол, Эрүүл мэндийн хэлтсийн захирлаар, мөн “Сижоса” хэмээн нэрлэгддэг Солонгосын хэвлэлийн байгууллагад удирдах албан тушаалаар ажилласан байна.
Тэрээр 1982 онд Баруун төв Солонгосын бага хурлын ерөнхийлөгчөөр, 1983 оны 12 дугаар сард Солонгосын Холбооны бага хурлын ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Түүний үйлчлэл хожим Ази тив даяар өргөжсөн юм. 1988 онд Алс Дорнодын бүсийн нарийн бичгийн даргаар томилогдож, 1992 оны 11 дүгээр сард тус бүсийн ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрээр сүмийн зохион байгуулалтын томоохон өөрчлөлтүүдийн үед удирдлагыг хариуцан ажиллаж, Алс Дорнодын бүс, Ази, Номхон далайн бүс, улмаар Умард Ази, Номхон далайн бүсийн ерөнхийлөгчөөр дараалан үйлчилжээ.
Ахлагч Чүн Ази дахь сүмийн түүхэн зохион байгуулалтын шилжилтийн үеийг удирдсан юм.
Бүсийн ерөнхийлөгчөөр ажилласан он жилүүдэд залуу Адвентистуудыг өөр соёл, улс орнуудад сайн мэдээ түгээн үйлчлэхэд дайчилсан “1000 миссионерийн хөдөлгөөн” эрчимтэй хөгжсөн юм. Мөн тэрээр “Pioneer Mission Movement” (PMM) хөдөлгөөнийг хөгжүүлэн төвөлшүүлэхэд хувь нэмрээ оруулж, Удирдлагын хорооны анхны даргаар ажиллажээ. 2003 онд Солонгосын таван пасторын гэр бүл Япон улсад илгээгдсэнээр эхэлсэн энэхүү миссионерийн хөдөлгөөн нь улмаар бүс нутаг даяар өргөжин тэлсэн байна.
Ахлагч Чүн 2003 оны 7 дугаар сарын 1-нд сүмийн бүтэн цагийн албан үйлчлэлээс тэтгэвэртээ гарсан ч үйлчлэлээ бүрэн зогсоогоогүй юм. Тэрээр “Adventist World” сэтгүүлийн олон улсын үйлчлэлд хувь нэмрээ оруулж, олон улсын хэвлэлийн менежерээр ажилласан байна.
Умард Ази, Номхон далайн бүсийн сүмийн удирдлага түүний гэр бүл, Солонгосын сүм болон дэлхийн өнцөг булан бүр дэх Долоо дахь өдрийн Адвентист гэр бүлтэй хамт гүнээ эмгэнэн гашуудаж байна.
Түүний удирдлага, үнэнч үйлчлэлээр дамжин олон улс оронд сайн мэдээ хүрч, олон үеийн миссионерууд Бурханы үйл хэрэгт өөрсдийгөө зориулах урам зоригийг авчээ. Түүний үлдээсэн итгэл, үйлчлэлийн өв өнөөдөр ч сүмийн олон гишүүн, үйлчлэгчдийн амьдралаар үргэлжилсээр байна.
Монголын Адвентист Чуулган ахлагч Чүний гэр бүл, төрөл төрөгсөд, Солонгосын сүмийн ахан дүүс болон түүнийг хайрлан хүндэлдэг дэлхийн Адвентист гэр бүлд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлье.
Бурхан гэр бүлд нь тайтгарал, хүч чадал хайрлаж, Түүний амар тайван зүрх сэтгэлд нь орших болтугай.
Бид ахлагч Чүний Бурханд зориулсан үнэнч амьдрал, сайн мэдээний төлөөх зүтгэлийг талархан дурсаж, Христийн дахин ирэлт болон амилалтын ерөөлт найдварыг итгэл дүүрэн хүлээж байна. Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна. Амьд бөгөөд Надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй. ИОХАН 11:25-26
МОНГОЛЫН АДВЕНТИСТ ЧУУЛГАН


