Adventist MongoliaAdventist Mongolia

Мэдээ - Мэдээлэл

Монгол дахь Адвентист чуулганы шинэ мэдээ мэдээлэл

БуцахМэдээ

“ЦОГТОЙ ЗАЛУУС” ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН 3 ДАХЬ ӨДӨР ХОЛБОО ХАРИЛЦАА, СОНСОХ УР ЧАДВАРЫН СЭДВЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Глобал (МАЧ)August 5, 2026
“ЦОГТОЙ ЗАЛУУС” ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН 3 ДАХЬ ӨДӨР ХОЛБОО ХАРИЛЦАА, СОНСОХ УР ЧАДВАРЫН СЭДВЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Цогтой Залуус” хөтөлбөрийн сургалтын гурав дахь өдрийн үйл ажиллагаа холбоо харилцааны үнэ цэнэ, итгэлцэлд суурилсан манлайлал болон практик сургалтаар үргэлжиллээ.

Өглөөний сургалтыг Хойд Ази, Номхон далайн бүсийн Эрүүл мэндийн хэлтсийн захирал Яамажи Хироши нээж, “Холболт буюу холбоо харилцаа” сэдвээр Бурханы үгийг хуваалцлаа.

Тэрээр хүн хоорондын эрүүл харилцаа нь бие махбод, сэтгэл санааны эрүүл мэндтэй салшгүй холбоотой болохыг онцлон, хүн бүр үнэ цэнтэй бөгөөд бусдын төлөө амьдрах, хайрлах зорилгоор бүтээгдсэн гэдгийг онцоллоо.

Мөн жинхэнэ холбоо харилцааг бий болгох дараах үндсэн зарчмуудыг танилцуулсан юм. Үүнд:

Бусдыг сонсохдоо хангалттай цаг гаргах

Өөрийгөө бүрэн зориулах ба тухайн мөчид хамт байх

Талархлаа илэрхийлж, бусдын талархлыг хүлээн авч сурах

Хариу нэхэлгүйгээр сайн үйлсийг хийх

Үг, үйлдэл хоёроо нэг байлгаж, итгэл дааж сурах

Бусдын нууцыг хадгалж, итгэлийг хамгаалах зэрэг жишээнүүдийн тус тус дурдлаа.

Яамажи Хироши Есүс Христийн амьдралаас жишээ татан, Есүс хүмүүстэй харилцахаасаа өмнө Эцэг Бурхантай үргэлж холбоотой байж, Түүнээс хайр, хүч чадал, мэргэн ухааныг хүлээн авдаг байсан талаар онцоллоо. Тэрээр хүмүүст энэрэл нигүүлсэл үзүүлж, тэднийг сонсож, халамжилж, итгэлийг нь даан, авралын замд уриалан дууддаг байсныг санууллаа.

Үүний дараа Ерөнхий Чуулганы Эрүүл мэндийн хэлтсийн гүйцэтгэх захирал Катя Рейнэрд сургагч багш нарт практик сургалтын зааварчилгаа өгч, тоглоом, дасгал ажлууд болон жижиг бүлгийн үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэй удирдах талаар зөвлөмж өгөв.

Мөн бүлгийн удирдагчид төлөвлөгөөгөө гишүүдтэйгээ хамтран боловсруулах нь оролцоог нэмэгдүүлж, үр дүнтэй үйл ажиллагааны үндэс болдгийг онцолсон юм.

Сайн сонсох чадвар нь үр дүнтэй харилцааны үндэс болохыг онцолж, Иаков 1:19, Сургаалт үгс 18:13 зэрэг Библийн ишлэлүүдээр тайлбарлав. Харилцаанд зөвхөн үг бус, биеийн хэлэмж, дуу хоолойны өнгө чухал нөлөөтэй бөгөөд бусдыг чин сэтгэлээсээ сонсож чадсанаар илүү эерэг, итгэлцэлтэй харилцааг бий болгох боломжтойг зөвлөсөн юм.

Эфэс номын 4:29 ишлэлд бусдыг босгон байгуулах, ач тустай үг хэлэхийн ач холбогдлыг өгүүлсэн байдаг. Иймээс багш, чиглүүлэгчид аливаа нөхцөл байдалд Бурханаас мэргэн ухааныг гуйж, залбирч байх нь чухал хэмээн зөвлөснөөр өнөөдрийн сургалтыг өндөрлөлөө.

Харилцаа Холбооны хэлтэс

Хуваалцах:𝕏
0

Сэтгэгдэл бичих болон реакц үлдээхийн тулд нэвтэрнэ үү.

Уншиж байна...