Хөршөө хайрлах, бие биедээ анхаарал халамж тавих нь нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох энгийн атлаа үнэ цэнтэй алхам юм. “Сайн хөрш” төслийн зорилго, үйл ажиллагааны талаар төслийн удирдагч, Илчлэлт сүмийн сайн дурын ахлагч, Cornerstone AI компанийн захирал Л.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

– Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Илчлэлт сүмийн фэйсбүүк хуудаст нийгэмд тустай үйлчлэлийн талаарх зураг болон мэдээллийг хараад өөрийн эрхгүй ярилцмаар санагдлаа. “Сайн хөрш” төслийн талаар товч танилцуулна уу?
Сайн байна уу. Нийт итгэлийн ахан дүүс болон уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. “Сайн хөрш” бол Илчлэлт сүмийн гишүүд ойр орчныхоо тусламж хэрэгтэй айл өрхүүдэд хоол хүнс хүргэх, гэр хашааг нь цэвэрлэх, шаардлагатай үед нь туслахын зэрэгцээ “Найдварын дуу хоолой” аудио цувралаар сүнслэг найдварыг хуваалцах 12 сарын нийгмийн үйлчлэлийн төсөл юм. Төслийг 2026 оны 10 сараас 2027 оны 9 сар хүртэл хэрэгжүүлж, 10–15 айлтай тогтмол харилцаа холбоотой байхаар төлөвлөөд байна.
Бид Христийн хайрын тухай зөвхөн үгээр ярих бус, үйлдлээрээ харуулахыг хүсэж байна. Бидний зарчим тун энгийн хүлээх биш хүрч очих, нэг удаа биш тогтмол айлчлах. Библид “Хөршөө өөрийн адил хайрла” (Матай 22:39), мөн “Хүүхдүүд минь, үгээр болон хэлээр бус, үйлсээр болон үнэнээр хайрлацгаая” (1 Иохан 3:18) хэмээн хэлсэн байдаг. Тиймээс бид хөршүүддээ хүрч очин, тэдэнтэй ярилцаж, хэрэгтэй үед нь бодит тусламж үзүүлж, Христийн хайрыг үйлдлээрээ мэдрүүлэхийг зорьж байна.
– Төслийг хэрэгжүүлэх болсон гол шалтгаан юу вэ?
Лук номын 10-р бүлэгт нэгэн хүн Есүсээс “Миний хөрш хэн бэ?” гэж асуухад Тэр Сайн Самари хүний түүхийг ярьсан байдаг. Шархадсан хүнийг олон хүн харсан ч хажуугаар нь өнгөрсөн. Харин самари хүн зогсож, түүнд туслан, асарч халамжилсан. Эцэст нь Есүс “Чи ч бас очиж тийнхүү үйлд” хэмээсэн байдаг. Бид энэ үгийг өөрсдөдөө хандсан дуудлага гэж ойлгосон. Манай сүмийн ойролцоо ганцаардсан ахмад настан, өрх толгойлсон эцэг эх, тусламж хэрэгтэй айлууд бий. Тэдний хэрэгцээг мэдэхийн тулд бид өөрсдөө очиж, хөрш нь болохыг хүсэж байна.

– Төслийн хүрээнд ямар үйл ажиллагаа зохион байгуулах вэ?
Энэ төсөл үндсэн 4 чиглэлтэй. Нэгдүгээрт, хоол хүнсний тусламж. Гурил, будаа, тос, элсэн чихэр, цай зэрэг хүнсний багц хүргэнэ. Мөн сүмдээ “Хүнсний сав” байрлуулж, гишүүдээсээ хүнс цуглуулна. Хоёрдугаарт, гэр хашааны цэвэрлэгээ, ахуйн тусламж. Хавар, намрын их цэвэрлэгээ хийхээс гадна өвлийн бэлтгэлд нь туслах, түлээ нүүрс зөөх, жижиг засвар хийх зэрэг үйлчилгээг үзүүлнэ. Гуравдугаарт, “Найдварын дуу хоолой” аудио цувралыг айлуудад бэлэглэнэ. Дөрөвдүгээрт, ярилцах, залбирах, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх замаар тэдэнтэй тогтмол холбоотой байна. Бид тусламж хэрэгтэй хүмүүсээс зайлсхийх бус, харин тэдэнд Бурханы хайрыг бодитоор харуулахыг хүсэж байна.
– Тусламж авах айлуудаа хэрхэн сонгох вэ?
Эхний ээлжид Илчлэлт сүмтэй ойр айлуудыг хамруулна. Ганц бие ахмад настан, өрх толгойлсон эцэг эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй айл, олон хүүхэдтэй амьжиргаа доогуур өрх, удаан хугацаагаар өвчтэй хүнтэй айлуудад анхаарна. Айлуудыг таамгаар сонгохгүй. Хорооны засаг дарга, нийгмийн ажилтантай хамтран бодитоор тусламж хэрэгтэй айлуудыг тодорхойлж, дараа нь судалгааны баг айл бүрээр очин хэрэгцээг нь тодорхойлно. Нэг айлд хүнс, нөгөөд нь түлээ, өөр нэгтэй нь зүгээр л ярилцах хүн хэрэгтэй байж болно шүү дээ…

– “Хөршийн баг” төслийн онцлог нь юу вэ?
Энэ бол төслийн хамгийн чухал хэсэг. Олон тусламжийн ажил нэг удаа очоод дуусдаг. Харин бид айл бүрд сүмийн хоёр гишүүнийг тогтмол дагалдуулна. Тэд сард дор хаяж нэг удаа тухайн айлдаа очиж, хэрэгцээг нь мэдэж, ярилцаж, хамт залбирна. Хоёр хүнтэй баг ажиллах нь бие биеэ дэмжих, үйлчлэлийг тогтвортой үргэлжлүүлэх давуу талтай. Бид бие биеийнхээ ачааг үүрэлцэхээр дуудагдсан хүмүүс.
– “Найдварын дуу хоолой” аудио цувралын талаар?
“Найдварын дуу хоолой” бол Илчлэлт сүмээс Солонгос хэлнээс орчуулж, дуу оруулсан 20 хичээлтэй цуврал юм. Хичээл бүр QR кодтой бөгөөд утсаараа уншуулахад YouTube-ээс шууд сонсох боломжтой. Ингэснээр уншихад хүндрэлтэй ахмад настан болон завгүй хүмүүс ч сонсох боломжтой. Библийн үндсэн ойлголтуудыг энгийн үгээр тайлбарласан энэхүү цувралаас 1,000 ширхэг хэвлүүлж, төслийн хүрээнд айлуудад бэлэглэнэ. Хүнсний багц хүнийг түр хугацаанд тэтгэж болох ч Бурханы найдвар хүний амьдралыг бүхэлд нь өөрчилж чадна. Сонирхсон айлуудтай “Хөршийн баг” хамт хичээл сонсож, ярилцах боломжтой.
– Тусламж үзүүлэхдээ ямар зарчим баримтлах вэ?
Бид 5 зарчим баримтална. Нэгдүгээрт, нөхцөлгүй хайр. Тусламжийг ямар нэг болзолтой холбохгүй. Хоёрдугаарт, хүндэтгэл. Айлын нэр төр, хувийн орон зайг хүндэтгэж, зураг авахдаа зөвшөөрөл авна. Гуравдугаарт, тогтмол байдал. Нэг удаагийн бус, урт хугацааны хөрш байна. Дөрөвдүгээрт, нэгдмэл байдал. Сүмийн гишүүд хамтран үйлчилнэ. Тавдугаарт, хамтын ажиллагаа. Хороо болон орон нутгийн байгууллагуудтай хамтарна. Эхлэх амархан, харин үргэлжлүүлэх хэцүү. Тиймээс бид “Сайныг үйлдэхдээ бүү цуцацгаая. Учир нь бид шантрахгүй бол цаг нь болохоор хурааж авна. ”Галат 6:9 ишлэлийг өөрсдөдөө байнга сануулна.

– “Сайн хөрш” төсөл “Нэгэн дуугаар27” хөдөлгөөнтэй хэрхэн холбогдож байгаа вэ?
“Нэгэн дуугаар27” бол Монгол дахь Адвентист сүмүүдийн нэгдсэн хөдөлгөөн. Бид нэгэн дуугаар залбирч, үйлчилж чадна. Миний хувьд хамгийн хүчтэй дуу хоолой бол нэгдмэл үйлдэл юм. “Сайн хөрш” бол энэ хөдөлгөөний хүрээнд нийгэмд хүрч үйлчлэх нэг хэлбэр гэж харж байна. Монголын өнцөг булан бүрийн сүмүүд хөршүүддээ нэгэн зэрэг хайраа харуулж эхэлбэл энэ нь хүчтэй гэрчлэл болно.
– Жирийн сүмийн гишүүн хэрхэн оролцож болох вэ?
Энэ төсөлд жирийн гишүүн гэж байхгүй. Хүн бүрийн чадвар, цаг зав, боломж хэрэгтэй. Залуус цэвэрлэгээ, түлээ нүүрс зөөх, засвар хийхэд тусалж болно. Машинтай хүн тээвэрт, эмэгтэйчүүд гэр орны ажилд тусалж, ахмад гишүүд айлуудын төлөө залбирч, утсаар ярьж болно. Мөн сүмд байрлуулсан “Хүнсний сав”-д нэг уут гурил, нэг шил тос авчирч хийх ч том тусламж болно. Мөнгөн болон бараа бүтээгдэхүүний хандив аль аль нь хэрэгтэй. Хэрэв та Яармаг орчимд тусламж хэрэгтэй айл мэддэг бол бидэнд мэдэгдээрэй.
– Эцэст нь, уншигчдад хандаж юу хэлэх вэ?
Танд нэг асуулт тавья. Таны хаалганы цаана амьдардаг хөршийн тань нэр хэн бэ? Тэр өнөө орой дулаахан байгаа болов уу? Өлсөөгүй байгаа болов уу? Эзэн Есүс биднийг гэрэл байхаар дуудсан. Тиймээс эргэн тойрондоо, хөршүүддээ гэрэл нь байцгаая. “Сайн хөрш” төсөлд нэгдэхийг хүсвэл Илчлэлт сүмд хандаарай. Харин та өөр газар амьдардаг бол өнөөдрөөс өөрийн хөршөөсөө эхлээрэй. Аяга цай, уут гурил, нэг удаагийн зочлол хэн нэгний амьдралыг нь өөрчилж чадна. Сайн хөрш хайж явахын оронд өөрсдөө сайн хөрш нь болцгооё.
Эзэн Есүс та бүхнийг ивээг!
“Сайн хөрш” — Хөршөө өөрийн адил хайрла!


