Монголын Адвентист Чуулган 2026 оны 9-р сарын 5-ны өдөр “НЭГ ДУУ ХООЛОЙ. НЭГ ЗОРИЛГО. НЭГ ИТГЭЛ.” уриан дор “НЭГЭН ДУУГААР27” хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүллээ.

Энэ өдөр бид хамтдаа “НЭГЭН ДУУГААР27” нэгдсэн Шаббатыг тэмдэглэн, Бурханыг магтан алдаршуулж, гайхалтай гэрчлэлүүдийг хүлээн авч сонслоо. Өргөсөн гэрчлэл бүрээр дамжуулан Бурхан биднийг хэзээ ч орхидоггүй, үргэлж хайрлаж, амьдралын алхам бүрд маань хамт байдаг гэдгийг мэдрүүлсэн онцгой өдөр байлаа.


Үүний дараа бид 7 бүлэгт хуваагдан Шаббатын хичээлээ судалж, “Цовдлогдсон Христ бол бүх асуудлын шийдэл, Христэд итгэгчийн амьдралын, эв нэгдэл, хайр, үйлчлэл, үнэн ба итгэл найдварын эх булаг мөн” хэмээн дүгнэсэн юм.

Хүндэтгэлийн цуглаанд зориулан Хойд Ази, Номхон далайн бүсийн Ерөнхийлөгч Кан Сүн-ги мэндчилгээ дэвшүүллээ.

Үүний дараа Пастор Жонас Аррайсын залбирлаар хүндэтгэлийн үйл ажиллагаа үргэлжилсэн юм.

Энэ өдрийн судлах түлхүүр ишлэлээр :“Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд —Бид Мессиаг оллоо” (Иохан 1:41 )хэмээх Бурханы үгийг хүлээн авч Бурханд талархан, хандиваа өргөлөө өргөсөн юм.

Бяцхан хүүхдүүд маань Иошуа Израилийн ард түмнийг удирдан Иерихо хотыг тойрч, бүрээ үлээн хотын хэрмийг нураасан тухай Библийн түүхийг хуваалцсан нь цугларагсдад баяр хөөрийг бэлэглэсэн юм.

Дэлхий даяар хэрэгжиж буй энэхүү хөдөлгөөнд бид Бурханы Үгийг хамтдаа гүн утгаар нь тунгаан сонсож, нэг зорилгын төлөө нэгдэх уриалгыг хүлээн авлаа.
“Есүс үргэлж нэг хүнээс ажлаа эхлүүлдэг байсан. Та ч бас нэг хүнд Бурханы тухай танилцуулаарай” хэмээн Пастор Жонас Аррайс онцлон номлолоо.
“Таны үйлчлэх хүн хэн бэ?” хэмээн өөрөөсөө асууж, тэр хүнийхээ төлөө өдөр бүр залбирч, сүнслэг яриа өрнүүлэх боломжийг Бурханаас гуйгаарай.

Цуглаанд оролцогчдод тараасан номын хавчуурга болон дэвтэртээ өөрийн үйлчлэх 1 хүнийхээ нэрийг бичиж, түүний төлөө залбирч залбирал бүрээ тэмдэглээрэй хэмээн хүслээ.
Энэ үйл ажиллагаанд УБ хотод үйл ажиллагаа явуулж байгаа сүмийн гишүүд оролцсон ба орон нутгийн сүмүүд Zoom платформоор шууд дамжуулан хамтдаа хүлээн авлаа.
“НЭГЭН ДУУГААР27” хөдөлгөөнийг сүм бүр үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор энэ өдөр сүм тус бүрээс элч төлөөлөгчдийг томиллоо. Тэд өөрсдийн сүмийн гишүүдийг хөдөлгөөний зорилго, уриа зорилттой нэгтгэн, хүн бүрийг нэг хүнд хүрэх үйлчлэлд уриалж, үйлчлэлийг нь дэмжин ажиллах чухал үүргийг хүлээж авсан юм.


Энэ үеэр пасторууд шинээр томилогдсон элч төлөөлөгчдийн төлөө хамтдаа залбирч, тэдний үйлчлэлд Бурханы мэргэн ухаан, хүч чадал, удирдамж байхыг хүсэн ерөөлөө.
Хамгийн чухал нь “Бид бүгдээрээ элч нар. Бидний эргэн тойронд байгаа гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон, хөршүүддээ Христийн хайрыг хүргэхээр хүн бүр дуудагдсан” гэдгийг гишүүн бүр үргэлж санаарай, оролцоорой, дэмжээрэй.



Энэ цаг мөчөөс эхлэн Адвентист сүмийн гишүүн бүр нэгэн зорилгын төлөө “НЭГ ДУУ ХООЛОЙ. НЭГ ЗОРИЛГО. НЭГ ИТГЭЛ.” уриан дор “НЭГЭН ДУУГААР27” хөдөлгөөнийг ийнхүү эхлүүллээ.
Харилцаа Холбооны хэлтэс


