“Цогтой залуус” хөтөлбөрийн сургагч багш нар өнгөрсөн өдрүүдэд хэрэгжүүлсэн сургалтын үйл ажиллагаагаа дүгнэж, санал бодол, туршлага, алдаа оноогоо хуваалцан, цаашид хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар хэлэлцүүлэг яриаг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хөтөлбөрийг Монголын Адвентист сүмүүдэд өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаад талархал илэрхийлж, багийн ажиллагаа өндөр үр дүнтэй болсныг онцлосон юм. МАЧ-ны Ерөнхийлөгч, пастор Б.Болд энэхүү хөтөлбөрийг цаашид тогтмол үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь чухал болохыг онцолж, орон нутгийн сүмүүдийн ахлагч, удирдагчдын саналыг үндэслэн хэрэгжүүлэх боломжийг судлан ажиллахаа илэрхийллээ.
Энэ удаагийн хөтөлбөрт итгэгч бус, шинээр оролцсон 19 өсвөр үеийн хүүхдүүд хамрагдсан нь сайн мэдээг тэдэнд хүргэх үнэ цэнтэй боломж болжээ. Хэрэв энэхүү хөтөлбөр зохион байгуулагдаагүй бол эдгээр хүүхдүүд Христийн тухай сонсож, танин мэдэх боломж хомс байх байсныг дурдан, ирээдүйд сүм бүр энэхүү үйлчлэлийг сүнслэг хандлага, залбиралтайгаар хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Үүнтэй холбогдуулан сүмийн пастор, ахлагч нар өөрсдийн орон нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө боловсруулж, эрүүл мэнд болон залуучуудын хэлтэстэй хамтран ажиллах шаардлагатайг тэмдэглэлээ.
Сургалтын үеэр Ерөнхий Чуулганы Эрүүл мэндийн хэлтсийн гүйцэтгэх захирал Катя Рейнэрд оролцогчдод хандан, "Энэ хөтөлбөрийг хэн хэрэгжүүлэх вэ? гэж бусдаас асуухын оронд "Би хэрэгжүүлнэ" гэсэн итгэл үнэмшилтэйгээр манлайлан ажиллах хэрэгтэй” хэмээн уриалсан юм.

Түүнчлэн “Цогтой залуус” хөтөлбөрийг ЕБС, МСҮТ болон эцэг эхчүүдэд өргөнөөр танилцуулж чадвал нийгэмд тулгамдаж байгаа хорт зуршил, өсвөр үеийнхний донтолт, сэтгэл зүйн асуудлаас урьдчилан сэргийлэхэд бодит хувь нэмэр оруулах боломжтой юм. Ирээдүйд эцэг эхчүүдэд зориулсан тусгай хөтөлбөрийг хамтатган хэрэгжүүлснээр энэхүү үйл ажиллагааны үр нөлөө улам нэмэгдэх боломжтой гэж үзэж байна. Гэхдээ бүх үйл ажиллагааны гол үндэс нь Бурхантай харилцах харилцаа, сүнслэг өсөлт байх ёстойг дахин дахин онцоллоо.


Ийнхүү сургалтаа амжилттай дүүргэсэн сургагч багш нар албан ёсны сертификатаа гардан авч, “Цогтой залуус” хөтөлбөрийг цаашид эх орондоо жил бүр хэрэгжүүлэх боломжтой боллоо.
Тэртээ 2003 онд “Цогтой залуус” хөтөлбөр Монголын өсвөр үеийнхний дунд эерэг давлагааг бий болгож байсан шиг өнөөдрийн “Цогтой залуус” хөтөлбөр нь дахин хүчтэйгээр өргөжин тэлж, олон хүүхэд, залуусын амьдралд сайн өөрчлөлтийг авчирна гэдэгт оролцогчид итгэл төгс байгаагаа илэрхийллээ.
Харилцаа Холбооны хэлтэс


