Adventist MongoliaAdventist Mongolia

Мэдээ - Мэдээлэл

Монгол дахь Адвентист чуулганы шинэ мэдээ мэдээлэл

БуцахҮйл ажиллагаа

ТАЙВАНИЙН АДВЕНТИСТ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ШИН ХОН ЧЭНЬ : “БУРХАН ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛТЭЙ, ШАРГУУ ХӨДӨЛМӨРЛӨЖ БУЙ ХҮНИЙГ ЗААВАЛ ИВЭЭДЭГ”

Глобал (МАЧ)August 14, 2026
ТАЙВАНИЙН АДВЕНТИСТ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ШИН ХОН ЧЭНЬ : “БУРХАН ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛТЭЙ, ШАРГУУ ХӨДӨЛМӨРЛӨЖ БУЙ ХҮНИЙГ ЗААВАЛ ИВЭЭДЭГ”

– Сайн байна уу. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

Сайн байна уу. Намайг Шин Хон Чэнь гэдэг. Би Тайванийн иргэн. Тайванийн Адвентист эмнэлгийн Ерөнхийлөгчөөр ажилладаг. Үндсэн мэргэжил маань хүний их эмч бөгөөд урологи, бөөр, шээсний замын чиглэлээр мэргэшсэн хүн байна. /Инээв/ Тайванийн Адвентист эмнэлгийн 11 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

– Та Монгол Улсад анх удаа ирж байгаа гэсэн. Монголын талаар ямар сэтгэгдэл төрөв?

Монгол Улс үнэхээр өргөн уудам нутагтай, хүн ам цөөнтэй орон юм байна. Харин Улаанбаатар хотод машин ихтэй, замын түгжрэл нэлээд анхаарал татлаа. Ийм том газар нутагтай, хүн ам цөөн хэрнээ яагаад хотын түгжрэл ийм их байдаг юм бол гэж бодогдсон. Тайваньд замын түгжрэл байдаггүй болохоор харьцангуй өөр санагдлаа.

Монгол хүмүүсийн хооллолтод анхаарах хэрэгтэй санагдлаа. Ялангуяа махны хэрэглээгээ бага зэрэг бууруулж, хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх нь эрүүл мэндэд тустай. Тосонд их хэмжээгээр хуурсан, өөх тос ихтэй хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг зориуд хэлмээр санагдлаа. /Инээв/

–Та бид хоёрын хийсэн ярилцлагыг уншин таны өгсөн зөвлөгөөг авч байгаа гэдэгт итгэлтэй байна. Уншигчдынхаа өмнөөс баярлалаа. Монгол Улсад ямар зорилгоор ирсэн бэ? Төлөвлөсөн ажлуудаасаа хуваалцвал ?

Нэг талаас эмнэлгийн Ерөнхийлөгчийн хувьд, нөгөө талаас Адвентист сүмийн сайн дурын үйлчлэгч, ахлагчийн хувьд Монголд ирлээ.

Адвентист сүмийн гишүүн бүрт дуудлага байдаг шиг надад ч Бурханаас өгсөн дуудлага бий. Бид хүмүүсийг Бурханд ойртуулах, Түүнд үйлчлэх, ах эгч дүүстээ Бурханы хайрыг түгээх үүрэгтэй. Тиймээс энэ удаагийн айлчлал маань зөвхөн мэргэжлийн хүрээнд хязгаарлагдахгүй, сүнслэг зорилготой ирсэн. Өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцахын зэрэгцээ итгэл үнэмшлээ нэгтгэн түгээх, Монголын ахан дүүстэйгээ хамтран үйлчлэх, сүнслэг утга учиртай айлчлал болно гэж найдаж байна.

Монголын Чуулганы удирдлага, тэр дундаа пастор Б.Болдын зорьж, хэрэгжүүлэхээр хичээж байгаа зүйлс надад үнэхээр сайхан санагдсан. Түүний хүсэл тэмүүлэл, зорилго, хийж байгаа ажил нь намайг зоригжуулсан. Тиймээс пастор Б.Болдыг дэмжиж, Монголын чуулганы удирдлагад өөрийн зүгээс туслах хүсэл тэмүүллээр дүүрэн явна. Энэ бол Монголд ирсэн миний гол зорилгуудын нэг юм.

– Монголд үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдээр орж танилцсан гэсэн. Танд ямар сэтгэгдэл төрөв?

Монголд ирээд хоёр эмнэлгээр орж танилцсан. Эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцах явцад хэд хэдэн зүйл анхаарал татсан. Жишээлбэл, нэг эмнэлэгт маш олон өвчтөн, үйлчлүүлэгч байсан ч өвчтөнүүдэд зориулсан цахилгаан шат байхгүй байсан. Энэ нь надад эмнэлгийн барилга байгууламжийг төлөвлөхдөө өвчтөнүүдийн хэрэгцээ, хүртээмж, тав тухыг илүү анхаарах шаардлагатай юм байна гэсэн бодол төрүүлсэн.

Харин “Амос Дент” эмнэлэгт зочлоход надад маш их таалагдсан. Адвентист шүдний эмнэлэгт байх ёстой орчин, шинэ тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, үйлчилгээний нөхцөлийг бүрдүүлсэн сайхан эмнэлэг байна гэж харсан.

Эмчийн хэлснээр өдөрт 5–6 үйлчлүүлэгч хүлээн авдаг гэж байсан. Миний бодлоор энэ эмнэлгийн үйл ажиллагааг олон нийтэд илүү сайн таниулах, маркетингийн ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй юм байна. Чадварлаг эмч, сайн орчин, орчин үеийн тоног төхөөрөмж байгаа учраас хүмүүс энэ эмнэлгийн талаар илүү их мэддэг болоосой гэж хүсэж байна.

- Та Монголд Анагаахын чиглэлээр суралцаж, төгссөн болон ажиллаж байгаа хүмүүстэй уулзсан. Тэдний талаар ямар сэтгэгдэл төрөв? Цаашид хамтран ажиллах ямар боломж байна гэж харж байна вэ?

Эрүүл мэндийн чиглэлээр суралцсан болон одоо суралцаж байгаа залуусын боловсрол, мэдлэгт илүү анхаарах шаардлагатай юм байна гэж харсан. Тэднийг дэмжиж, илүү сайн боловсрол эзэмших, туршлага хуримтлуулах боломжийг бий болгох хэрэгтэй санагдлаа.

Мөн Монголд хангалттай их нөөц боломж байгааг олж харлаа. Ялангуяа Адвентист Анагаах ухааны чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх, дадлагажуулах, олон улсын түвшний туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах боломж их байна.

Цаашид Монголд эмнэлэг байгуулахад ямар хэрэгцээ шаардлага байгааг тодорхойлох, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх, чадварлаг эмч, сувилагчдыг тодорхой хугацаагаар Монголд ажиллуулах зэрэг урт хугацааны хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Мөн барилга байгууламж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр дэмжлэг үзүүлэх боломжийг ч судалж байна. Хэдийгээр Тайвань, Монгол хоёр хол зайтай боловч бид боломжийнхоо хэрээр бие биедээ туслахыг хүсэж байна. Боломжтой үедээ Монголд ирж ажиллана. Харин биечлэн уулзах боломжгүй үедээ цахимаар хурал, уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж болно. Бид бие биеэсээ суралцаж, туршлагаа хуваалцан, хамтдаа өсч хөгжиж чадна гэдэгт би итгэлтэй байна.

– Хамтын ажиллагааг цаашид илүү өргөжүүлж, үр дүнтэй болгохын тулд Монголын талаас юунд илүү анхаараасай гэж хүсэж байна вэ?

Үнэнийг хэлэхэд, яг одоо Монголын талаас “энэ зүйлийг илүү хийгээсэй” гэж хүсэх зүйл бараг алга. Учир нь та бүхэнд хангалттай их нөөц, боломж байгаагүй ч өнөөдрийг хүртэл энэ бүхнийг хийж, үйл ажиллагаагаа авч явж байгаа нь өөрөө маш том амжилт гэж би харж байна. Монголын чуулганы удирдлагуудын хүсэл тэмүүлэл, зорилго, эрмэлзэл үнэхээр сайхан санагдсан. Миний хувьд энэ нь хамгийн чухал зүйл. Бурхан үнэхээр хүсэл мөрөөдөлтэй, зорилготой, шаргуу хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг заавал ивээдэг гэдэгт би итгэдэг. Тиймээс би Монгол чуулганы удирдлагын энэ хүсэл тэмүүллийг дэмжиж, цаашид хамтран ажиллахад бэлэн байна. /Инээв/ Монголчуудын төлөө хийж байгаа энэ сайн үйлс улам өргөжинө гэдэгт ч би итгэлтэй байна. Бурхан Монголын ард түмнийг үргэлж ивээж, үйл ажиллагаа бүхэнд нь амжилт өгөх болтугай.

– Ярилцлага өгсөн танд баярлалаа. Монгол, Тайванийн Адвентист эмнэлгийн хамтын ажиллагаа улам өргөжин, олон хүнд өгөөжөө өгөх болтугай. Цаг зав гарган ярилцсанд чин сэтгэлээсээ талархаж байна. Бурхан таны амьдралын болон үйлчлэлийн бүхий л талбарыг ивээх болтугай.

Баярлалаа. Та бүхэнд мөн баярлалаа.

Ярилцсан : Ц.Хишигжаргал

Харилцаа Холбооны хэлтэс

 

Хуваалцах:𝕏
0

Сэтгэгдэл бичих болон реакц үлдээхийн тулд нэвтэрнэ үү.

Уншиж байна...