Adventist MongoliaAdventist Mongolia

Мэдээ - Мэдээлэл

Монгол дахь Адвентист чуулганы шинэ мэдээ мэдээлэл

БуцахМэдээ

“ИТГЭЛТ” ЭМНЭЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

Глобал (МАЧ)September 28, 2026
“ИТГЭЛТ” ЭМНЭЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

Иргэдэд дотор, уламжлалт анагаах ухаан болон эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээг нэг дороос хүргэх “Итгэлт” эмнэлэг 2026 оны есдүгээр сарын 27-нд албан ёсоор үүд хаалгаа нээлээ.

Тус эмнэлгийг гэр бүл судлаач, шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Оргилзул, Олон улсын нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор, эх барих, эмэгтэйчүүдийн эмч С.Цэцэгээ нар хамтран байгуулжээ.

Эмнэлэг нь уламжлалт болон орчин үеийн анагаах ухааныг хослуулан оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм. Мөн уламжлалт бариа засал, эмийн бус эмчилгээний аргыг Япон, Сингапурын дэвшилтэт технологи, эмчилгээний аргачлалтай хослуулан нэвтрүүлэн ажиллахаар зорьж байна. “Итгэлт” эмнэлгийн үйл ажиллагааны гол зорилго нь өвчин эмгэг үүссэний дараа эмчлэхээс илүүтэйгээр урьдчилан сэргийлэх, иргэдийг эрүүл мэнддээ анхаарч, зөв амьдралын дадал хэвшилтэй болоход дэмжлэг үзүүлэхэд чиглэжээ.

Эмнэлгийн мэргэжлийн багт эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн үзлэг, оношилгоо, эмэгтэйчүүд, зүрх судас, сэтгэл зүйн тусламжийн чиглэлээр ажиллах эмч, мэргэжилтнүүд багтсан байна.

Олон улсын нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор, эх барих, эмэгтэйчүүдийн эмч С.Цэцэгээ “Хүн эмнэлэгт ирэхдээ айдас, найдвар, хамгийн гол нь итгэлээ авч ирдэг. Эмч хүний хамгийн үнэтэй зүйл бол итгэл. Манай эмнэлэгт ирсэн хүн зөвхөн эмчилгээ аваад гарах бус, итгэл найдвар тээгээд, сэтгэл зүрх нь дүүрээд гараасай” хэмээн нээлтийн үеэр хэлсэн юм. 

Нээлтийн ёслолд эмнэлгийн хамтран ажиллагч байгууллага, эмч мэргэжилтнүүд, гэр бүл, найз нөхөд болон зочид төлөөлөгчид оролцон, урлагийн үзүүлбэр, азтан шалгаруулах сугалаа зэрэг үйл ажиллагаа зохион байгууллаа. “Итгэлт” эмнэлэг цаашид оношилгоо, эмчилгээний зэрэгцээ урьдчилан сэргийлэлт, сэтгэл зүйн эрүүл мэнд, хүн төвтэй тусламж, үйлчилгээг хөгжүүлэх зорилт тавин ажиллах юм.

“Эрүүл хүнээс баяр хөөр төрдөг, өвдсөн сэтгэлд эдгэрэл өгдөг” хэмээн Сургаалт үгс 17:22-т өгүүлдэг. Энэ утгаараа хүний бие махбодын эрүүл мэнд төдийгүй сэтгэл зүй, итгэл найдварыг нь дэмжихэд чиглэсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх нь эмнэлгийн үйл ажиллагааны чухал зорилтын нэг яах аргагүй мөн билээ.

Харилцаа Холбооны хэлтэс

Хуваалцах:𝕏
0

Сэтгэгдэл бичих болон реакц үлдээхийн тулд нэвтэрнэ үү.

Уншиж байна...