“Цогтой Залуус” хөтөлбөрт хамрагдсан 15-25 насны эмэгтэйчүүдэд Хойд Ази Номхон Далайн Бүсийн Эмэгтэйчүүдийн хэлтсийн захирал Рахел Айррис сургалт зохион байгуулсан юм. Сургалтын үеэр охидыг өөрсдийн үнэ цэн, боломжоо танин мэдэж, Бурхантай харилцах харилцаагаа гүнзгийрүүлэн, сайн мэдээ түгээх үйлчлэлд идэвхтэй оролцохыг уриалсан юм.

Тэрээр “Та бүхэн Монгол Чуулганы залгамж халаа. Та бүхэн агуу зүйлийн төлөө бүтээгдсэн бөгөөд өсөж хөгжих асар их боломжтой” хэмээн урамшууллаа.
Мөн өөрийгөө гололгүй, Бурханаас өгсөн авьяас чадвар, боломжоо ашиглан бусдад эерэгээр нөлөөлөхийг уриалан зоригжууллаа. Эмэгтэйчүүд бие биеэ хайрлаж, дэмжин, хамтдаа хөгжихийн зэрэгцээ сүмийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд чухал үүрэгтэйг онцолсон юм.
Сургалтын үеэр 1 Коринт 3:6-д гардаг “Би тарьсан, Апол усалсан, харин Бурхан ургуулсан” библийн ишлэлийг хуваалцаж, хүн бүр өөрийн хийх ёстой зүйлээ хийж, үр дүнг Бурханд даатгах хэрэгтэйг санууллаа.
“Хамаатан садан, найз нөхөд, ангийнхандаа сайн мэдээг зоригтойгоор тунхагла. Та бүхэн үрийг суулгах хэрэгтэй” хэмээн охидод хандан хэлсэн юм.
“НЭГЭН ДУУГААР27” ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭХИЙГ УРИАЛАВ
Тус сургалтын үеэр 9-р сарын 5-ны өдөр Дэлхийн бүх сүмүүд нэгэн дуу хоолойгоор нэгдэн “НЭГЭН ДУУГААР27” хөдөлгөөний эхлүүлэх бөгөөд сүмийн гишүүн бүрийг энэхүү үйлчлэлд идэвхтэй нэгдэхийг уриаллаа.
Тус хөдөлгөөнд Эмэгтэйчүүд төсөл, бэлтгэл, зорилго гэсэн гурван үндсэн чиглэлээр нэгдэн хэрэгжүүлэх бөгөөд бүтэн жилийн турш хамтдаа сайн мэдээг түгээхэд чиглэх ажээ.
Бэлтгэлээ залбирлаар эхлүүлж, Библи судлалд анхааран, гэр бүл, найз нөхөд, бусдад сайн мэдээг хүргэхэд хүн бүрийн оролцоо чухал хэмээн хэллээ. Мөн Даниел болон Илчлэлт номыг хамтдаа судлан, сүнслэгээр бэлтгэгдэхийг онцоллоо.
Өөрт байгаа боломжит бүх цахим платформуудыг ашиглан сайн мэдээг хуваалцаж болохыг онцлов. Үүнд : фэйсбүүк, инстаграмм, тик ток, youtube сувгуудыг өдөр тутмын боломжит аргаараа ашиглахыг уриаллаа.
Хөдөлгөөний нэгэн чухал зорилго нь сүмийн гишүүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх явдал юм. Сүмдээ ирэхээ больсон гишүүдтэйгээ эргэн холбогдож, нэг хүнийг сонгон түүний төлөө тогтмол залбирч байхыг зөвлөлөө.
Сургалтын төгсгөлд Рахиел Айррис “Нэгэн дуу хоолойгоор, боломжит бүх аргаараа Эзэн Бурханыг алдаршуулж, хамтдаа хүчээ нэгтгэн урагшилж, итгэл найдварыг бусдад түгээцгээе” хэмээн уриаллаа.

Харилцаа Холбооны хэлтэс


