Adventist MongoliaAdventist Mongolia

Мэдээ - Мэдээлэл

Монгол дахь Адвентист чуулганы шинэ мэдээ мэдээлэл

БуцахМэдээ

"ЦОГТОЙ ЗАЛУУС" ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГСАД ГАРЫН АВЛАГА НОМ ТОВХИМОЛТОЙ ТАНИЛЦАН, ПРАКТИК СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Глобал (МАЧ)August 4, 2026
"ЦОГТОЙ ЗАЛУУС" ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГСАД ГАРЫН АВЛАГА НОМ ТОВХИМОЛТОЙ ТАНИЛЦАН, ПРАКТИК СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

“Цогтой Залуус” хөтөлбөрийн “Сургагч багш” бэлтгэх сургалтын хоёр дахь өдөр Ерөнхий Чуулганы Дэд Ерөнхийлөгч Со Самуел хүрэлцэн ирж, залуучуудад хандан урам зоригийг өгсөн юм. Тэрээр хэлэхдээ “Бурханы хайрыг зөвхөн үгээр бус, өдөр тутмын амьдрал, үйл хэргээрээ илэрхийлж байхыг онцоллоо.

Христийн дагалдагч бүр бусдын амьдралд эерэг өөрчлөлт авчрахын төлөө дуудагдсан болохыг сануулсан бөгөөд Үйлс номын 1:8, Матай 25 болон 28-р бүлгүүдийг эш татан, сайн мэдээ түгээх ажил нь зөвхөн номлол бус хүний амьдралд бодит өөрчлөлт авчрах үйл явц гэдгийг тайлбарласан юм. Ариун Сүнсний хүчгүйгээр жинхэнэ үр жимс гаргах боломжгүй бөгөөд Есүсийн дагалдагчид хүртэл Ариун Сүнсийг хүлээн авсны дараа л хүчирхэг гэрчлэгчид болсон тухай өгүүлсэн юм. Мөн залуучууд өөрсдийн өдөр тутмын амьдралын хэв маягаар Христийг гэрчилж, гэр бүл, ойр орчноосоо эхлэн сайн мэдээг түгээхийг уриаллаа.

Үүний дараа Ерөнхий Чуулганы Эрүүл мэндийн хэлтсийн гүйцэтгэх захирал Катя Рейнэрд "Цогтой залуус" хөтөлбөр нь дөрвөн үндсэн зарчимд тулгуурлан явагддаг болохыг дурдаад энэхүү хөтөлбөр нь зөвхөн сүмийн залуучуудад бус, нийгмийн бүх давхаргын залуучуудад зориулсан нээлттэй хөтөлбөр болохыг онцоллоо.

Сургагч багш бэлтгэх 2 дахь өдрийн сургалтаар суралцагсад "Цогтой залуус" хөтөлбөрийн гарын авлага, ном товхимолтой танилцан, тоглоом болон нөхөрлөлийн бүлгийг хэрхэн үр дүнтэй удирдах талаар практик сургалтанд хамрагдлаа.

Сургалтын төгсгөлд Залуучуудын хэлтсийн гүйцэтгэх захирал Рон Генебаг насанд хүрэгчдийн манлайлал, оролцоог хэрхэн оролцуулах талаар зөвлөв. Тэрээр 1 Тимот 1:12 болон 2 Тимот 2:2 ишлэлүүдэд тулгуурлан, сурсан мэдсэнээ зөвхөн өөртөө хадгалалгүй дараагийн үедээ өвлүүлэх нь Христийн дагалдагчийн үүрэг болохыг онцоллоо.

Мөн бүлгийн удирдагчид аюулгүй, тайван, үнэ цэнтэй орчныг бүрдүүлж чадвал оролцогчид илүү нээлттэй болж, харилцаа улам бат бөх хөгждөг талаар туршлагаасаа хуваалцсан юм.

Хоёр дахь өдрийн сургалтын төгсгөлд суралцагсад Христийн дагалдагчдыг бэлтгэхэд нөхөрлөл, итгэлцэл, залбирал, эрүүл амьдралын хэв маяг болон насанд хүрэгчдийн зөв манлайлал ямар чухал болохыг онол, практик хосолсон сургалтаар гүнзгийгүүлэн судлалаа.

Харилцаа Холбооны хэлтэс

Хуваалцах:𝕏
0

Сэтгэгдэл бичих болон реакц үлдээхийн тулд нэвтэрнэ үү.

Уншиж байна...