Шаббатын үдээс хойш

Паул 2 Коринт номоо бичиж дуусгахдаа захидлууддаа хөндсөн чухал санааг дахин сануулж өгдөг. Үүнийг тэрээр таван тушаал (imperatives) хэлбэрээр зааж сургасан (2 Кор. 13:11).
Эхний тушаал болох “Баярлагтун” гэсэн тушаал захидлын эхэнд хэлсэн үгсийг давтаж байгаа мэт байдаг. Хоёр дахь тушаал болох “Бүрэн сэргээгдэхийн төлөө чармай” гэдэг нь грек хэлний (katartizō) гэсэн ганц үгний орчуулга бөгөөд энэ үг энэ ишлэл болон 1 Коринт 1:10 дээр гардаг.
Гурав дахь тушаал болох “Бие биеэ зоригжуул” гэсэн тушаал нь 2 Коринт 1:3–7 дээр гаргасан санааг дахин сануулж өгдөг. Паул хоёр дахь захидлаа урам зориг өгөх байдлаар эхлүүлж, зоригжуулсан үгсээр дуусгадаг. Бид бусдыг зоригжуулахын тулд Бурханаас зоригжуулалтыг хүлээн авдаг билээ (2 Кор. 1:4, 6).
Дөрөв, тав дахь тушаалууд болох “Нэг санаатай бай, амар тайвнаар амьдар” (2 Кор. 13:11) гэсэн үгс нь эв нэгдэлтэй байхыг уриалж байна. Баяр хөөр, сэргэлт, урам зоригтой байх, эв нэгдэл, амар тайван байх уур амьсгал нь Бурханы оршихуйг бидэн дээр авчирдаг билээ. Тэр бол “хайр ба амар тайвны Бурхан” (2 Кор. 13:11). Энэ бүхэн Бурханы гурвалын хүний зүрх сэтгэлд хийж гүйцэтгэж байдаг үйл ажиллагааны үр дүн юм (2 Кор. 13:14).
Нигүүлсэл, хайр, нөхөрлөл нь бидний төлөө Бурханы Гурвалын хийж гүйцэтгэдэг ажлын үр дүн юм. Эдгээр Христийн итгэгчдэд байх ёстой шинж чанарууд нь Бурханы оршихуй байгааг илэрхийлэх уур амьсгалыг бүрдүүлж өгдөг билээ.
Энэ хичээлийг 9 сарын 26-ны Шаббатад бэлтгэн судлаарай.

